
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтанд хахууль санал болгосон хэрэгт холбогдсон иргэнийг шүүх буруутайд тооцож, торгох ял оноожээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, шүүхэд шилжүүлсэн 2502000000531 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хэрэгт дурдсанаар “М” компанийн менежер Т нь 2025 оны арваннэгдүгээр сард компанид холбогдсон зөрчлийн хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга З.Оргилд 5500 ам.доллар буюу ойролцоогоор 20 сая төгрөгийн хахууль санал болгожээ.
Тэрээр мөнгийг цагаан өнгийн дугтуйнд хийж, албан өрөөний ширээн дээр нь тавьсан байна.
Харин албан тушаалтан З.Оргил Авлигын эсрэг хуулийн 8.1-д заасан үүргийн дагуу уг асуудлыг нэн даруй Авлигатай тэмцэх газарт мэдээлсэн бөгөөд үүний дагуу эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Улмаар прокурорын байгууллагын хяналтад хэргийг шүүхэд шилжүүлж, 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болсон шүүх хурлаар иргэн Т-г Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хахууль санал болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Шүүхээс түүнд 3 сая төгрөгийн торгох ял оногдуулжээ.
Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудыг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн тохиолдолд төрийн албан хаагч хуульд заасан үүргээ биелүүлж, авлигын талаарх мэдээллийг цаг алдалгүй мэдэгдсэн нь онцлог болж байна.



