
Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гарсныг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд дурджээ. Тус дүгнэлтээр хөгжлийн бодлогын хэрэгжилт бодит байдал дээр төлөвлөсөн түвшинд хүрээгүй, санхүүжилт болон бодлогын тогтвортой байдал сул байгааг онцолсон байна.
Тайланд дурдсанаар хөгжлийн бодлогын хөтөлбөрийн хэрэгжилт дунджаар 57.1 хувь, санхүүжилтийн гүйцэтгэл 58.8 хувь байгаа нь төлөвлөсөн зорилтууд бүрэн хэрэгжээгүйг харуулж байгаа юм.
Нийт 9.26 их наяд төгрөгийн санхүүжилт төлөвлөснөөс бодит гүйцэтгэл 5.44 их наяд төгрөг болсон нь төслийн хэрэгжилт удаашрах гол шалтгаан болсон гэж үзжээ.
Төслийн гуравны нэг нь санхүүжилтгүй үлджээ
Хөгжлийн төлөвлөгөөнд нийт 326 төсөл, арга хэмжээ багтсан ч тэдгээрээс 180 төсөл буюу 62.7 хувь нь л санхүүжилт авч хэрэгжсэн байна. Үлдсэн төслүүд нь төсвийн эх үүсвэргүй төлөвлөгдсөн эсвэл санхүүжилт бүрэн олдоогүй байдалтай байгаа нь төлөвлөлт бодит боломжтой нийцээгүйг илтгэжээ.
Мөн 102 төсөлд техник, эдийн засгийн үндэслэл шаардлагатай байсан ч 22 төсөл нь батлагдсан ТЭЗҮ-гүй төлөвлөгөөнд орсон нь хууль, журмын шаардлага зөрчсөн байж болзошгүйг тайланд дурдсан байна.
Бүсчилсэн хөгжлийн бодлого хамгийн сул хэрэгжжээ
Салбарын бодлогын хэрэгжилтийг үнэлэхэд хүний хөгжлийн бодлого 64.1 хувь, хүний эрхэд суурилсан засаглал 58.8 хувь, эдийн засгийн бодлого 57.3 хувь хэрэгжилттэй гарсан байна.
Харин бүсчилсэн хөгжлийн бодлого ердөө 35.3 хувьтай гарч, бусад бодлогоос хамгийн доогуур үзүүлэлттэй байжээ. Энэ нь бодлого салбар хооронд жигд хэрэгжихгүй байгааг илтгэж байгаа гэж дүгнэсэн байна.
Бодлогын тогтворгүй байдал нөлөөлжээ
Мөн тайланд хөгжлийн бодлого тогтвортой хэрэгжихгүй байгаа нь улс төрийн нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүйг онцолсон байна.
2024 оны сонгуулийн дараа гурван намаас бүрдсэн Засгийн газар бодлогын зорилт, чиглэлийг өөрчилж эхэлсэн нь хөгжлийн бодлогын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзжээ.
Хэрэгжилтийг сайжруулах зөвлөмж
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дараах үндсэн зөвлөмжийг өгсөн байна. Үүнд:
- хөгжлийн бодлогын тогтвортой байдлыг хангах,
- төлөвлөлтийг санхүүгийн бодит эх үүсвэртэй уялдуулах,
- хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог сайжруулах,
- шалгуур үзүүлэлтүүдийг илүү тодорхой, хэмжигдэхүйц болгох шаардлагатай гэж үзжээ.
Дүгнэлтэд дурдсанаар Монгол Улс жил бүр хөгжлийн төлөвлөгөө баталж байгаа ч хэрэгжилтийн түвшин тогтмол хангалтгүй байгаа нь бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх шатанд системийн асуудал байгааг харуулж байна.



