ДЭЛХИЙНИЙГЭМУЛС ТӨРХалуун сэдэвХөшигний ардХэн нь хэн бэ..ЦАХИМ МОНГОЛ

МИАТ – ийг алдагдалтай компанийн жагсаалтад оруулсан Б.МӨНХТАМИР СОР17-г удирдаж барах уу???

Оюутолгойн нислэгийг МИАТ-ийн захирлын суудлаас зохицуулж байсан гэгддэг Б.Мөнхтамир СОР17 хуралд ч Оюутолгойн эрх ашгийг хамгаалж буй юм биш биз. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын БЭТ гэх нэр хоч зүүсэн энэ эр Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдон ирсний учир юм бол?! Экосистем байтугай байгаль орчин гэх ойлголтоо ч бүрэн мэдэхгүй түүнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын хэсгийг ахлах Үндэсний хорооны дэд дарга гэх сэтэр зүүсэн нь хүүхдэд мэс бариулсантай ижил түгшүүртэй харагдаж буйг хэлэх хэрэгтэй. ШУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага, мэдээллийн системийн менежмент чиглэлээр дүүргэснээс хойш элдэв төрлийн курсуудыг наборлон төгсч, тэр дундаасаа тохирох байгууллагуудад албан тушаалын лифтээр өгссөөр энэ хүрч. Тухайлбал Олон улсын агаарын тээврийн холбооны “Агаарын тээврийн удирдлага” курс төгсүүтээ МИАТ компанид Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Захиргаа хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал гэх албадад хоёр гурван оныг элээж байгаад 2021-2025 онуудад МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болсон байдаг. Үүнээс өмнө Рио Тинтогийн Inspirational Leadership хөтөлбөрийг дүүргүүтээ Оюутолгой ХХК-д бизнесийн шийдэлд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, Бизнесийн процесс хөгжүүлэх удирдагч зэрэг ажил хийж байж. Энэ намтар мөрүүд нь түүнийг Оюутолгойн БЭТ гэгдэхэд хүргэсэн биз. 2025 оны 12 дугаар сараас Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар очсон түүнийг яамныхан “Оюутолгой, Рио Тинто” гэж харахаас гадна Оюун-Эрдэнийн тавиул ч гэж хардаг бололтой.  

Парламентын босго даваад удаагүй байсан Л.Оюун-Эрдэнэ Б.Мөнхтамирт улстөрийн дэмжлэг үзүүлсээр ирснийг намынхан нь хэлнэ. Д.Амарбаясгалан Н.Энхбаатартай ч тун ойр тэрбээр Л.Оюун-Эрдэнийг НАМЗХ, одоогоор Социодемократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тамгагүй төр жүжгийнхэн МИАТ-ээр үйлчлүүлэгч зорчигчдын өмнүүр дайрч асуудал үүсгэж байсан нь түүнтэй ч холбоотой биз. Тухайн үеийн МИАТ-ийн ажилчид дээрээс өгсөн үүрэг даалгавар гэлцээд өнгөрснийг энд цухас тэмдэглэчихэд илүүдэхгүй хэрэг.

 2025 оны сүүлчээр Засгийн газраас зарим ТӨХК-иудад хяналт шинжилгээ хийхэд МИАТ ТӨХК алдагдалтай ажилласан шалтгаанаар удирдлагыг чөлөөлөх асуудал сөхөгдөх үед шийдвэрээс нь урьтаж Б.Мөнхтамир өөрийн хүсэлтээр ажлаа өгч байв.

Төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй 150 тэрбумын алдагдалтай ажилласны нэг нь МИАТ. Орлогоосоо зарлагаа хэтрүүлж, 9.6 тэрбумын алдагдалтай ажилласан гэх МИАТ-ийг тэр удирдаж байсан тул дэд сайд болон займчих бус зэм сонсч хариуцлага хүлээх нэгэн гарцаагүй мөн юм.

МИАТ компани 2022 онд АНУ-ын AerCap компаниас хоёр ширхэг Boeing 787-9 агаарын хөлгийг урт хугацааны түрээсээр авсан. Эхний онгоцоо 2023 оны наймдугаар сард, дараагийн онгоцоо 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан бөгөөд ингэхдээ ТУЗ-өөсөө зөвшөөрөл аваагүй байдаг. Түрээсийн онгоц удалгүй эвдэрч, эвдэрхий онгоцонд сар бүр 775 мянган ам.доллар зарцуулах болсон асуудал МИАТ-ийн удирдлагууд анхнаасаа эвдэрхий онгоц авсан уу, эсвэл эвдэрсэн нэрээр мөнгө завшиж байсан уу гэдэг сонирхох л сэдэв. Б.Мөнхтамир МИАТ ТӨХК-ийн захирлаар 2020 оноос 2025 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. Түүнийг ажил авсны дараахнаас МИАТ өндөр дүнтэйгээр санхүүгийн алдагдалд орж эхэлсэн гэдэг. Энэ талаар МИАТ компани 2021 оны эхний хагаст 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрсэн хэмээн тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар ярьж байсныг уншигчид санаж буй биз.

Үндэсний аудитын газраас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар ч “МИАТ ТӨХК-ийн оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд баталсан орлогын төлөвлөгөө 98 тэрбум төгрөгөөр тасарч, 32,841 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон” хэмээн дүгнэсэн байдаг.

Тэрчлэн Монгол Улсын Засгийн газраас эмч багш нараас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох тогтоол гаргасан ч МИАТ ТӨХК, түүний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мөнхтамир тогтоолыг хэрэгжүүлээгүйгээр үл барам цалин хангамжийг хэтрүүлэн хэрэглэсэн гэж байгаа. Тэр зөрчлийг арилгах бус зөрчлийг давтан гаргадаг кадр гэдгийг Үндэсний аудитын газрын тайлангаас хангалттай харж болох юм.

Засгийн газрын тогтоол зөрчин барин ажилладаг атлаа үйл ажиллагаа нь сайжирдаггүй, суудал дүүргэлтийн түвшин ижил хэмжээний үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын агаарын тээвэрлэгчид, жишээлбэл Singapore Airlines зэрэг компаниудын дунджаас 10 орчим хувиар доогуур үзүүлэлттэй гарсан байх нь яах аргагүй хариуцлага тооцох хангалттай шалтгаан.  

Удирдаж байсан компаниа санхүүгийн алдагдалд оруулж, дампуурал зарлахаас наагуур аваачсан шалтгаанаа Б.Мөнхтамир “ОХУ-аас авсан шатахууны үнэ 1300 ам.доллар болтол өссөнтэй холбоотой” гэхээс өөрөөр хариулаагүй байдаг.

Түүний буруугаа чихсэн шатахууны нийлүүлэлт, тендерийн талаар жич дэлгэрэнгүй хүргэх тул энд түр орхиё. Нэг нийтлэлд багтамгүй факт тул салгах нь зүй.

Ийнхүү нисэхийн салбарын нарийн мэргэжлийн хүн биш атлаа Агаарын тээврийн удирдлага гэх дамжаархуу юм төгсч МИАТ-ийн захирлаар ажиллаад, МИАТ-ээ алдагдалтай төрийн өмчит компаниуд гэх хар жагсаалтад оруулсан хэрнээ хариуцлага хүлээхийн оронд БОУАӨ-ийн дэд сайд болж их мөнгөний үнэр үнэртсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын хэсгийг ахлах Үндэсний хорооны дэд дарга болчихсон явах нь хэр зохистой юм бол?!

Тэрбээр энэ хурлаар яригдах усны асуудлаас гүний устай холбоотой сэдэв, илтгэлийг хасуулсан гэх бөгөөд үүнийг нь Байгаль орчны яамны мэргэжилтнүүд Оюутолгой, Рио Тинтогийн эрх ашгийг хамгаалсан, Монголын эсрэг ажилласан явдал хэмээн эгдүүцэн буруушааж байгаа бололтой. Энэ талаарх мэдээллийг ч жич хүргэх тул цухас дурьдаад орхиё.

Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан нарын цүнх баригч гэгддэг түүнийг COP17-гоос өмнөхөн, ирэх сарын эхээр зүүн бүст хийгдэх нам дамнасан бүлэглэлийнхний сэм уулзалтын бэлтгэлийг базаагаад завгүй яваа талаар ойрын нь эх сурвалжаас хэлж байна. Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ. Байгаль орчны сайд нарт сэм уулзалтын дам бэлтгэл л илүү чухал байж мэдэхээр байна. 

Үргэлжлэл бий…

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button