ДЭЛХИЙМэдээНИЙГЭМСпорт

Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ

Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдлуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ.


Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев:

“Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд Монгол Улсын Үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу.

 Таны энэ оны 04 дүгээр сард манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлс Казахстан, Монголын харилцааг шинэ түвшинд гаргасныг тэмдэглэхэд таатай байна. Цаашид хамтын ажиллагааны хүрээг улам өргөжүүлэхийн тулд Тантай нягт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлье.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрч хүч, арвин их амжилт, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе”

Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито:

“Эрхэмсэг ноён Танд Монгол Улсын Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээ дэвшүүлж, Танд болон Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Эрхэм Дээд хатан бид хоёр танай улсад хийсэн саяхны айлчлалаа, тэр үед биднийг халуун дотно, найрсгаар хүлээн авч, зочломтгой хүндэтгэл үзүүлснийг талархалтайгаар эргэн дурсаж байна”

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хаан Чарльз:

“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Бидний өмнө тулгамдаж буй нийтлэг сорилтууд, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчноо хамгаалах чиглэлээр манай хоёр улс урт хугацааны, үр дүнтэй шийдлүүдийг эрэлхийлэн, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна”

 Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Лео:

“Үндэсний баяраа тэмдэглэж буй Эрхэм хүндэт Танд болон танай нөхөрсөг ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Монголын ард түмэн ямагт энх тайван, эв нэгдэлтэй байхын ерөөл өргөе”

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайер: 

“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол, Герман Улс олон жилийн туршид найрсаг, нягт ойр харилцаагаар холбогдож ирсэн билээ. Монголын их зохиолч Д.Нацагдорж болон бусад монгол оюутан Германд суралцахаар мордсон 100 жилийн ой мөн энэ онд тохиож байна. Хоёр улсын боловсролын салбарын үр дүнтэй хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан түүхэн үйл явдал нь өдгөө Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль зэрэг бодит жишээгээр үргэлжилж байна. Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, аз жаргал, энх амгалан ирээдүйг хүсэн ерөөе”

Бельгийн Хаант Улсын Цог жавхлант хаан Филипп: 

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалыг, Монголын ард түмэнд сайн сайхныг ерөөе”

Шведийн Хаант Улсын хаан Карл XVI Густаф:

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэж, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг ерөөе”

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон:

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэм Танд чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

“Эрхэм ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэл илэрхийлж буйг хүлээн авна уу. 2023 онд Та бид хоёр харилцан төрийн айлчлал хийснээс хойш харилцаа, хамтын ажиллагаа онцгой эрчимжсэнийг тэмдэглэхийг хүсэж байна.

Эрчим хүч, эрчим хүчний шилжилт, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, соёл гээд олон салбарын хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичнэ гэдэгт итгэлтэй байна.

Тантай хамт хоёр улсынхаа бие даасан байдал, стратегийн хараат бус байдлыг улам бэхжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Дэлхий даяар нүүр тулж буй байгаль орчны сорилт, бэрхшээлүүдийг даван туулахад хувь нэмрээ оруулах СОР17 хуралд амжилт хүсэн, бүрэн дэмжиж буйгаа илэрхийлье”

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла:

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Өнгөрсөн 12 дугаар сард таны хийсэн айлчлал манай хоёр орны гайхалтай харилцааг бодитоор батлан “Стратегийн түншлэл”-д хүргэсэнд чин сэтгэлээсээ баяртай байна. Улаанбаатар, Ром хот хооронд аль хэдийн бий болсон нөхөрлөл, хамтын ажиллагааны бат бөх, гүн гүнзгий холбоо, Монгол Улс, Европын Холбооны харилцааг цаашид хөгжүүлэх, дундын ашиг сонирхлын хүрээн дэх хамтын ажиллагааны шинэ чиглэлийг нэмэх гарцуудыг эрэлхийлнэ гэдэгт итгэлтэй байна.

Ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэж, чин сэтгэлийн ерөөл дэвшүүлье”

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Карол Навроцки:

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Польшийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өнгөрсөн онд Варшав хотноо хийсэн Таны төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд ахиулсан нь харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх чухал суурь болсон гэдэгт итгэлтэй байна”

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан: 

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд болон нөхөрсөг Монголын ард түмэнд өөрийн улсын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн онд манай улсад хийсэн Таны айлчлалын сайхан дурсамж сэтгэлд тодхон байна. Энэ айлчлалын үр дүнд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн  харилцаа цаашид бүхий л салбарт уламж өргөжин хөгжиж, бэхжинэ гэдэгт итгэл төгс байна.

Энэ завшааныг ашиглан Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам:

“Төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон таны гэргий, Монголын ахан дүүс, ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үед бидэнд хүндэтгэл үзүүлж, чин үнэнч, халуун дотноор хүлээн авсныг миний бие санан дурсаж байдаг юм. Харилцаагаа хоёр улсын язгуур эрх ашигт нийцүүлэн улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байна.

Энэ дашрамд анх удаа тэмдэглэж буй “Дэлхийн адууны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье”

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов: 

“Монгол Улсын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу. Энэ завшааныг ашиглан Танд эрүүл энх, аз жаргал хүсэхийн зэрэгцээ Монголын ард түмэнд энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийг ерөөе” гэжээ.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин: 

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, хоёр ард түмний хэлхээ холбоог улам бэхжүүлж ирсэн ойрын түнш орнуудын хувьд Австрали Улс энэ чухал баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна.

Наадмын уур амьсгалыг өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр мэдэрсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Намайг халуун дотноор угтан авсанд Танд болно Монголын ард түмэнд гүн талархал илэрхийлье. Таны бэлэглэсэн цэцгэн хэлбэртэй энгэрийн гоёлыг миний бие бахархалтай зүүдэг юм.

Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэхийн төлөө  нягт хамтран ажиллахаа дахин нотолж байна.

Манай хоёр улсын найрсаг харилцаа ирэх он жилүүдэд улам бүр бэхжин хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна”

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко: 

“Танд Үндэсний баяр наадмын мэндчилгээг чин сэтгэлээсээ дэвшүүлж байна. Танай улсын түүхээс улбаатай энэ наадам нь Монгол орны давтагдашгүй байдал, соёлын өвөрмөц онцлог болон ард түмний шавхагдашгүй их эрч хүчийг тодоор харуулдаг.

Наадмын бахархал нь түүхийн сурах бичгийн хуудсанд бус, харин монгол бөхийн сэтгэл зүрх, харваачдын нум сум, тал нутгаар давхих бяцхан хүлэгч бүрийн дотор оршдог. Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Монголын мөнх хөх тэнгэр үргэлж цэлмэг байх болтугай”

БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын: 

Ардын хувьсгал ялсны 105 жилийн ойг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд баяр хүргэж, бидний найрсаг харилцаа хоёр ард түмний эрх ашигт нийцэн цаашид хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлье”

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button