
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой Үндэсний их баяр наадамдаа Хүй мандлын дэвжээнд торгон жолоо өргүүлсэн хүлэгүүд.
ХЭНТИЙН АЙМГИЙН НОРОВЛИН СУМЫН УЯАЧ Н.АРИУНБИЛЭГИЙН ХЭЭР ДААГА ТОРГОН ЖОЛОО ӨРГӨВ
Хүй мандлын дэвжээнд Дааганы уралдаанд 310 морь бүртгүүлснээс 199 даага барианы зурхайгаас эргэж, Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Ариунбилэгийн хурдан хээр даага түрүүлж, наадамчин олноо цэнгүүллээ. Аман хүзүүнд Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Энхболдын хүрэн даага, айргийн гуравт, Архангай аймгийн Хотонт сумын харьяат тод манлай уяач Д.Лхагвасүрэнгийн зээрд даага, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уяач Б.Жамбалхүүгийн сартай хээр даага, айргийн тавд Төв аймгийн Борнуур сумын Ц.Нарангэрэлийн хүрэн даага хурдаллаа.
ӨМНӨГОВЬ АЙМАГ АЗАРГА, СОЁОЛОНГИЙН ТҮРҮҮ ХҮРТЭВ
Хурдан соёолон насны морьдын уралдаанд 162 соёолон уралдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ч.Батжаргалын хонгор халзан соёолон түрүүллээ. Харин аман хүзүүнд Дархан-Уул аймгийн, аймгийн алдарт уяач Ганболдын Ариунболдын алаг соёолон орсон бол айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн хээр, айргийн дөрөвт М.Энхболдын халтар соёолон, айргийн тавд Чалхаагийн Уламбаярын халтар үрээ хурдаллаа.
Хүй мандлын дэвжээнд Азарганы уралдаанд Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Манлай уяач Н.Хүрлээгийн шарга халзан түрүүлж, наадамчин олноо цэнгүүллээ. Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Б.Наранхүүгийн Бум хул аман хүзүү, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Монгол Улсын түмний манлай уяач Д.Отгонлхагвын Солонго хүрэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аймгийн алдарт уяач Б.Тогтохын хүрэн халзан, Төв аймгийн Борнуур сумын харьяат аймгийн алдарт уяач М.Сайнзаяагийн хүрэн халзан айрагдлаа.
ТОД МАНЛАЙ УЯАЧ Х.БАТ-ЭРДЭНИЙН ХАЛТАР ХЭЭР ТҮРҮҮЛЭВ
Их насны морьдын уралдаанд оролцохоор 260 хурдан хүлэг бүртгүүлснээс 225 шанданст хүлэг барианы зурхайгаас хөдөлсөн. Их насанд Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн халтар хээр, Тод манлай уяач Б.Норовсамбуугийн Булган, аймгийн Алдарт уяач Б. Гантулгын хээр, Алдарт уяач Б.Батсанаагийн хээр хүрэн халзан, С.Хүдэрчулууны цоглог зээрд, Алдарт уяач Ж.Алтанхуягийн хул, Тод манлай уяач Б.Отгонсэлэнгийн саарал зэрэг улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан олон хурдууд бүртгүүлжээ.