
“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндоржийг хэд, хэдэн хэрэгт хамаатуулан саатуулан шалгаж байгаа.
Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийсэн хятадуудыг залилж 1.2 сая ам.доллар залилсан, хуурамч нотлох баримт бүрдүүлэн шүүхийн байгууллагыг ашиглан хууль бус шийдвэр гаргуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас оргон зайлсан гэх мэт хэрэг бий.
Хэргийг өдгөө Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа юм. Харин түүний холбогдсон нэг хэргийнх нь хохирогч болох С.Билэгттэй ярилцсанаа хүргэе.
Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэлээд хаалттай хүн юм.
-Г.Буяндорж та хоёр “Ноёд” гэдэг компанийн өмчийн харилцаанд маргаан үүсгэсэн бил үү. Мэдээллүүдээс харж байхад Г.Буяндорж танд худалдсан компаниа дараа нь луйврын аргаар авах гэж оролдсон юм шиг ойлгогдож байна?
-Одоо энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байхад хамаагүй зүйл яриад баймааргүй байна. Яах вэ, нэг талын мэдээлэл хэт их гарч байгаа учраас өөрийн байр сууриа илэрхийлэх нь зөв байх. С.Билэгт гэдэг эмэгтэй бол Г.Буяндорж, Т.Ариунаа нарыг бодвол нэр сүртэй, алдар хүндтэй хүн биш. Жирийн нэгэн эмэгтэй, бусдын хань, эх хүн. Гэтэл жирийн иргэн нь элдвээр бичүүлж, нэр сүртэй нь өөрийгөө буруугүй мэт худал мэдээллийг тарааж байгаад харамсч байна. Нэртэй, төртэй хүн жирийн иргэн хоёр хуулийн хувьд эрх тэгш байх ёстой. Буруутай бол буруугаа хүлээн зөвшөөрөх соёлтой байх ёстой байхгүй юу. Хэрэг явдлын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөндөө гарсан.
Гэхдээ болсон явдлын талаар ярихад ийм байна. Г.Буяндоржоос би “Ноёд констракшн” гэдэг компанийг худалдаж авсан. Г.Буяндорж гэхээс илүү түүний хамаатан болох Д.Батжаргал нь энэ компанийн захирал гэсэн албан тушаалтай байсан учраас түүнээс худалдаж авсан. Намайг анх авахад ямарч кадастрын зураг зөвшөөрөлгүй хоосон газар дээр дөрвөн давхар карказ цутгасан 13 давхар орон сууцны барилга барих зурагтай ийм л жижиг объект байсан юм. Тэр үеийн түүх болон үлдсэн зураг нь ч бий. Г.Буяндорж энэ объектоо өөрөө үнэлээд надад зарсан. Би энэ мөнгийг нь бүрэн гүйцэт төлөөд хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулаад хуулийн этгээдийн бүртгэлийн газраар орж бүртгүүлээд энэ компанийг шилжүүлж авсан. Үүнийг нотлох баримт бичиг, гэрээ хэлэлцээр нь Г.Буяндорж, Д.Батжаргал нарт болон надад мөн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт байдаг юм.
Гэтэл өөрөө зарж мөнгө авчихаад, худалдах, худалдан авах гэрээгээ хийчихээд огт чимээгүй явж байгаад эцэст нь өнөө барилга нь сүндэрлээд босоод ирэхээр нь хууль бус элдэв арга хэрэглэж “минийх” гэж дайраад байж болохгүй биз дээ. Би энэ хууль бус явдлын эсрэг өөрийнхөө зөрчигдсөн эрхийг хамгаалах гэж яваа жирийн л нэг эмэгтэй. Энэ барилгыг барих гэж хэдэн ажилчидтайгаа хамт хүйтэнд хөрч, халуунд шарагдан байж байшингаа босгож байхад Г.Буяндорж гэнэт гарч ирснээ минийх гээд дайраад байгааг хараад цочирдсон шүү. Нөгөө талаас Г.Буяндорж надад худалдсан газар, байшин нь бичиг баримтын асар их зөрчилтэй. Үүнийг эмхлэх, цэгцлэх гэж өчнөөн хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан гэдгийг өөрөө ч сайн мэдэж байгаа. Анх зарахдаа “Найз нь бичиг баримтын зөрчлөө арилгахад тусална. Бичиг баримт юу байхав. Би бүгдийг танина, миний найзууд байдаг юм” гэж амлаж байгаад зарсан мөртлөө үгэндээ хүрч огт туслаагүй, утсаа салгаж алга болсон шүү дээ.
-Ямар, ямар зөрчил байсан юм бэ?
-Өөрийнх нь газрын зөвшөөрөлтэй гээд зарсан карказ босгосон тэр газар зөвшөөрөлгүй харин нөгөө албан ёсны зөвшөөрөлтэй газар нь босгосон карказынх нь хажууд байж таарсан. Харин карказын дор байсан газар нь хэн нэгний өмчлөлд байгаагүй байсан. Ингээд газрыг нь албан ёсны болгох гэж олон ч даргын үүд хаалгыг сахиж байж нэг юм албан ёсны болгож авсан. Аз болоход, энэ газар нь хэн нэгний өмчлөлд байгаагүй нь ажилд маань овоо түлхэц болсон. Хэрэв хэн нэгэн хүний өмчлөлд байж “Энэ карказаа нураагаад авцгаа. Энэ чинь миний газар” гээд зүтгэсэн бол худалдаж авсан хэдэн зуун сая төгрөг салхинд хийсэх байсан байх. Нөгөө талаас надад зарах үед энэ барилга нь ямар ч кадастрын зураггүй, дээрээс нь ажлын зургийг баталгаажуулаагүй, магадлан шинжилгээнд оруулаагүй байсан. Барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө ч аваагүй. Газрын зөвшөөрөлгүй, дулаан, цахилгааны ч гэсэн зөвшөөрөлгүй гээд карказ босгосноос өөрөөр ямар ч ажиллагаа байгаагүй. Ийм олон зөрчлийг арилгахын тулд хүсэлт, өргөдлөө барьж гүйсээр байгаад өчнөөн цаг хугацаа зарцуулсан. Хөрөнгө мөнгө ч гэсэн зарцуулсан. Ийм юм зарчихаад зөрчлийг нь арилгаж, барилга нь сүндэрлээд босоод ирэхээр гэнэт минийх гэж дайрах увайгүй зан гаргаж байгаад дотроо харамсч л суудаг юм. Тэгээд бүр хууль бус аргаар шүү дээ.
-Энэ зөрчлийг арилгахын тулд хэдий хэмжээний хохирол амссан юм бэ?
-Яг нарийн тооцсон юм алга. Ямар ч байсан нэг дарга дээр зөрчлөө арилгах гээд ороход “Ноёд” гэдэг нэрийг сонсоод нүүрээ буруулаад хүлээж авдаггүй. Багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж байж бүх зөрчлийг арилгасан. Бүр барилгаа барьж дуусаад хүлээлгэж өгөх хугацаа нь болсон байсан ч газрын зургаа мэдээллийн санд оруулж чадахгүй хүлээж байлаа. Өнөөдөр өөрийнхөө хийж бүтээснийг харахад нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, хэдэн айлыг ч болов орон байраар хангасан байна. Богино хугацаанд амжилттай ажилласныг үнэлж шилдэг татвар төлөгчөөр хоёр удаа, нийгмийн даатгалын шагналыг хоёр удаа хүртсэн.
Дээрээс нь барилгын салбарт ч шилдгээр шалгарсан, “Хүндэт” одонгоор шагнагдсан гээд багагүй амжилт гаргасан байна шүү. Өдөр, шөнөгүй амралтгүй ажиллаж байж ийм амжилт гаргасан юм. Тэрнээс биш Т.Ариунаагийн яриад уйлаад яваад байгаа шиг зүйл болоогүй. 808 айлын орон сууц ч гэх шиг, зургаан тэрбум Швейцарын банкин дахь мөнгө ч гэх шиг, 13 тэрбум хөрөнгөтэй компани ч гэх зүйлүүдийг дээрэмдээд авчихсан юм биш. 13 тэрбум хөрөнгөтэй компани байсан бол үүсгэн байгуулагдсанаасаа хойш надад худалдах хүртлээ дандаа “Х” тайлан гаргаж өгч байсан байж таарах уу. Тэгэхлээр татвараас зугатааж чадаж байсан байгаа биз.
Сэтгүүлчид та нар өөрсдөө ирээд сая харсан байлгүй. Энд ямархуу хэмжээний бүтээн байгуулалт өрнөж байгаа вэ гэдгийг. Үнэндээ одоо л дөнгөж хоёр дахь барилгаа барьж дуусаад нийтдээ 200-аад айлын оршин суух орон сууц бэлэн болж байгаа нь энэ шүү дээ. Тэгээд би гайхдаг юм. Энэ Т.Ариунаа нь эсвэл өөр газар байршилтай 808 айлын орон сууцыг андуураад өөрийнхөө эзэмшлийн гэж Г.Буяндоржийн хэлснээр ойлгоод яриад явдаг юм болов уу гэж боддог. Ингэж байхаар нэг удаа болов ирээд энд ямархуу бүтээн байгуулалт болж байгааг нүдээрээ хараад эргэлзээгээ арилгаад зөрүүтэй мэдээлэл цацаж уйлж дуулж явахаа больчихдоггүй юм байх даа. Шунахай сэдэлтээр хүний хөдөлмөр хөрөнгийг завших гэж бодон хөндлөнгөөс харж байгаад гэнэт гарч ирээд энэ бүгд минийх гээд хууль бус аргаар өөрийн болгох гэж дайрч байгааг хараад суух хэрэг үү. Хуулийн байгууллага үнэн мөнийг тогтоож өгөх ёстой.
-Г.Буяндоржийг танай компанийг эзэмшилдээ авахын тулд Сэлэнгэ аймгийн хоёр шүүгчийг ашигласан гэх юм билээ. Энэ талаар тодруулж болох уу?
-Тэр хоёр шүүгчийнх нь нэр усыг хэлээд яах вэ. Хүний амьдрал хойно хэвлэл мэдээллийн хэрэгслээр муугаар гарах нь хэцүү байх. Би ч гэсэн өөрөө эх хүн учраас аливаа асуудалд нухацтай, хүлээцтэй хандахыг хүсэх юм. Юу болсон гэхээр “Ноёд констракшн” компани нь Г.Буяндоржийн хамаатан болох Д.Батжаргалын нэр дээр байсан. Д.Батжаргалын нэрээс надад дамжиж худалдагдсан гэсэн үг. Гэтэл Г.Буяндорж нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан Д.Батжаргалаас С.Билэгтэд шилжсэн гэсэн тэмдэглэгээг арилган Д.Батжаргалд компани хэвээрээ байгаа мэт нотлох баримтыг бүрдүүлэн өгч надад мэдэгдэлгүйгээр компанийг шилжүүлэх хууль бус үйл ажиллагаа явуулсан юм.
Энэ бол гэмт хэрэг биз дээ. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлчийн компаний эзэн нь Д.Батжаргал болж жүжиглээд Д.Батжаргалыг Г.Буяндоржийн ах Г.Дамдиндорж, дүү Г.Бямбадорж нар нь шүүхэд өгсөн болж нэхэмжлэл гарган түүний хариуд Д.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Г.Буяндоржийн эгчийн хүүхэд н.Ууганбаяр нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлгүүдийг өгөөд шүүхээр шийдвэр гаргуулсан байх жишээтэй. Энэ нь уг компанийг надад худалдсан гэдгээ шүүхээс нууж байгаад намайг оролцуулахгүйгээр шийдвэр гаргуулсан үйлдэл байхгүй юу. Үүнийг хүндрүүлж авч үзвэл ах дүү нар шүүхийн байгууллагатай хуйвалдан дээрмийн хэрэг үйлдсэн гэж үзэх ч тал бий. Хэрэв Г.Буяндорж нь энэ компанийн өмчлөгч байгаад надад залилуулсан юм бол заавал надаас далдуур хууль бус шийдвэр гаргуулж явах шаардлага байсан уу. Шүүхийн өмнө надтай мэтгэлцээд нотлох баримтуудаа гаргаж тавиад хуулийн дагуу зөв шийдвэрээ гаргуулчихгүй юунаас айсан юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байгаа биз. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бидний үед мөн шүүхийн шинэчлэл хийх гэж хичээж байгаа Ерөнхийлөгчтэй өнөө үед ийм улаан цайм иргэн, шүүх гэж байж болох уу.
Миний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч орж ирээд “Энэ компани чинь бусдын нэр дээр байна. Чөлөөл” гэхчилэн цочирдмоор юм ярихаар нь ямар үндэслэлээр ингэв гэдгийг асуухад Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүгч болон Зүүнхараа хотын шүүхийн шүүгчийн хоёр захирамж үзүүлэхэд л анх мэдэж хууль шүүхийн байгууллагын ажилтны үйлдсэн гэмт хэргийг шалгадаг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар өргөдөл гаргасан юм. Асуудал ердөө л энэ. Нөгөө талаас нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа үл хөдлөх хөрөнгө эзэмшлийн асуудлыг хаа хол Сум дундын хоёрдугаар шүүх шийдсэн нь өөрөө бас л хууль зөрчсөн шийдвэр гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс нутаг дэвсгэрийн харьяалалын дагуу Улаанбаатар хотын шүүхэд өмчлөлөө тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Ингэж шүүх хууль хяналтын байгууллагаар хуулийн дагуу зөв буруугаа тогтоолгохоор хандсан минь Г.Буяндорж, Т.Ариунаа нарт залилагч эмэгтэй гэж хэлүүлэхэд хүрч байгаа бололтой.
-”Ноёд” гэх компани Улсын бүртгэлийн газарт хэнийх нь нэр дээр байдаг юм бэ?
-Яах вэ, Г.Буяндорж нийгэмд “Ноёд” группийн Ерөнхийлөгч гэж өөрийгөө тараасан байдаг. Ах дүүс, найз нөхдийн хүрээнд “Ноёд” групптэй мэт ярьдаг ч бодит байдалд ийм нэртэй компани улсын бүртгэлд огт байдаггүй. “Ноёд” гэдэг нэртэй компанид ч хувь эзэмшдэггүй. Харин ах дүүсийн хэмжээнд “Ноёд” гэж ам хэлээрээ тохиролцсон юм байдаг юм шиг байна. Түүнийг бол бид мэдэхгүй. Хуулиар буюу албан ёсоор тийм нэртэй компани байхгүй. Тиймээс “Ноёд” группийн охин компани байхгүй нь ойлгомжтой. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний эсрэг элдэв гүтгэлэг гарах л юм. Т.Ариунаа нь болохоор миний нэр сүр юу ч биш байж гээд сонинд байн, байн ярилцлага өгөх юм. Нэртэй сүртэй байлаа гээд хуулиас дээгүүр байх ёстой юм уу. Жирийн иргэний гаргасан гомдол нэр сүртэй хүний хажууд худлаа байх ёстой гэж үү. Би ч гэсэн аав ээжээс оноосон нэртэй үр хүүхэдтэй, ах дүү амраг садантай хүн шүү дээ.
Хамгийн гол нь үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг шиг тун удахгүй хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж дуусаад эцэслэн шийдэх биз. Тэр үед хэвлэл мэдээлэлд хандахад болно гэж бодоод эцэс төгсгөлгүй ундарч буй ажлаа амжуулаад л явж байна. Үнэнийг хэлэхэд надад эцэслэн шийдэгдээгүй хэрэгт ач холбогдол өгч хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан худал мэдээллийн эсрэг ийм балиар хов жив хөөцөлдөөд явж байх зав байдаггүй шүү дээ. Өнөөдөр гэхэд цаг хэд болж байна. Тэгэхэд бид ажиллаад л байж байгаа биз дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэр олон удаа бичүүлснээрээ ялдаг бол Г.Буяндорж аль дээр ялчихсан байх байсан. Хуулийн байгууллагад гаргаагүй гомдлоо хэвлэлээр л цацаад байгааг нь ойлгохгүй юм. Өөрсдөө энхийн тагтаа болж, намайг хар хэрээ болгох гэж оролдохын оронд үнэнээ хүлээгээд явах нь өөрт нь хэрэгтэй биз дээ. Анх Г.Буяндорж дөрвөн давхарын карказаа зохих үнээр үнэлээд зарсан.
Харин би дараагийн барилгаа газар шорооных нь ажлаас эхлээд яг Г.Буяндоржоос авсан шиг хүртэлх карказ босгоод зардлаа тооцоод үзэхэд Г.Буяндоржид өгсөн мөнгөний 50 хувь нь орсон баримт байдаг юм. Гэхдээ яах вэ, наймаанд ашиг гэж байдаг учраас үүнд би эмзэгээр хандаагүй.
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Г.Буяндорж өөрөө залилуулсан байх магадлал байна гэж хэлсэн. Үүнийг аль хэрэгт хамаатуулж хэлсэн юм бол. Сайдын энэ ярианы дараа зарим хэвлэлээр танд залилуулсан мэтээр бичсэн байна лээ?
-Хууль зүйн сайдын хэлснийг зурагтаар сонссон. Яг одоо хэвлэл мэдээллээр цацаад байгаа шиг бусдад залилуулсан байх нөхцөл байдал үүссэн гэж хэлээгүй л байхгүй юу. Г.Буяндоржийн хэрэгт надаас өөр олон хохирогч байдаг юм билээ. Тэдний хэнийх нь ч хохирогч гэж нэр заан яриагүй байхад шууд л надтай холбон бичиж эхэлсэн нь нөгөө л захиалгат сенсааци нь юм байлгүй дээ. Би бол ойлгохдоо гэм буруутайг шүүх эцэслэн тогтоогоогүй байхад хүнийг буруутай гэж үзэхгүй магадгүй эсрэгээрээ хохирогч болохыг үгүйсгэхгүй гэсэн ерөнхий зарчмыг баримтлан хэлсэн байх гэдэг талаас нь ойлгож байгаа.
Миний гаргасан гомдол нь Г.Буяндоржид үүссэн байгаа хэргүүдийн хамгийн отгон нь гэх юм уу даа. Тэгээд ч энэ хэрэгт Г.Буяндорж өөрөө хохирогч болох ямар ч боломжгүй. Өөрөө худалдчихсан компаниа дараа нь “Ноёд” гэдэг нэрийг ашиглан минийх гэж дайрах нь залилуулсан хэрэг үү. Худалдах, худалдан авах гэрээгээ байгуулчихаад, худалдсан мөнгө төгрөгөө авчихаад шүү дээ. Хамгийн энгийн жишээ хэлэхэд би өөрийнхөө унаж байсан машиныг нэг найздаа зарлаа гэж бодъё. Найздаа машиныхаа бичиг баримтыг нь өгч, худалдсан төлбөрөө өөртөө авчихсан атлаа дараа нь гудамжинд нөгөө машин чинь гялалзсан явахыг хараад “Өө, энэ чинь миний машин. Өг” гээд дайрсантай адилхан шүү дээ. Ийм байж болохгүй. Тэгээд ч бас зөвхөн машин зарахтай зүйрлүүлэх аргагүй, авсан юман дээрээ үргэлжлүүлээд өч төчнөөн бүтээн байгуулалт хийчихээд байхад намайг элдвээр харлуулах гэж оролдож байгааг зүгээр харж сууж бас чадахгүй нь.
Манай өмгөөлөгч нэг сонин, сайтыг нэр хүндэд халдсан хэргээр хуулийн байгууллагад өгсөн байгаа. Адаглаад л анх энэ компанид надтай мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн ажилчид маань хуулийн байгууллагад ямар байсан карказ ямар барилга болов, хэн ажиллав гэдгийг хэлэх ёстой байх гэж үзсэн.
-Таныг Г.Буяндоржийг залилж, компанийг нь авсан. Зээл олж өгнө гээд нэр дээрээ шилжүүлсний дараа бултсан гэж хэвлэл мэдээллээр гарч байна?
-Хэвлэлд гарсан зүйл үнэхээр нэг талаасаа, зөвхөн С.Билэгтийг харлуулах гэсэн байгааг та бүхэн анхаарч сайн үзээрэй. Ер нь Г.Буяндорж гэж нэг гэнэн цагаан, С.Билэгт гэж айхтар залилагч хүн гараад байгааг хүмүүс уншаад хэний талд юу яриад байгаа захиалгат мэдээлэл вэ гэдгийг ойлгоно биз. Г.Буяндорж, Т.Ариунаа нар үндэслэлгүй хөрөнгөжлөө гэж намайг гүтгэж байгаа шигээ өөрсдөө хүний хөдөлмөр хөрөнгийг завших гэж улайран дайрч элдэв хууль бус аргуудыг хэрэглээд удаа дараа дайрах үед нь Г.Буяндоржид хандан нүүр тулан уулзаж учир байдлыг асуух гэж үзсэн. Гэсэн ч байрны гаднаас бусдыг турхиран оруулчихаад өөрөө зугтаагаад алга болчихдог байсан мөртлөө энэ үйлдэл нь гаарч удаа дараа давтагдахдаа залилан, дээрмийн хэргийн шинж агуулж үүндээ хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүсийг ашигласан болохоор би хуулийн дагуу гомдлоо гаргасан юм. Гэтэл Г.Буяндоржийг шалгаж байсан бусад хэргүүд байсан юм билээ.
Тэр хэргүүдтэй нь нэгтгээд явж байгаа гэсэн. Би бас л нэг хохирогч. Одоо хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор үүнээс цааш би олон зүйл ярихгүй. Харин тодорхой хугацааны дараа, тун удахгүй бүх зүйлийг дэлгэн тавина. Хэвлэлд гарсан зүйлийг та бүхэн хараарай. Ер нь хүн “Би мөнгө олно, байраа, компаниа миний нэр дээр болго” гэхээр “өө, заа за ” гээд л бүх юмаа хүний нэр дээр болгоод байна гэж байх уу. Эрүүл ухаанаар бодоход. Тэгээд Г.Буяндорж тийм гэнэн хүн үү. 13 тэрбумын хөрөнгөө ямар ч эргэлзээгүй зургаан тэрбумын зээл гэх зүйлд тавих уу. Барилгын 20 хувь дутуу байсан юм бол тэр их мөнгө хэрэг болох уу гээд маш олон утга учиргүй, логикгүй зүйл байгаа. Тэгэхээр энэ бүхэн зохиомол, гүтгэлэг гэдэг нь юм ойлгодог хүмүүст шууд ойлгогдож байгаа байх.
-Таныг хуулийхантай холбоотой, компанийн гэрчилгээ, тамга хулгайлж, Хууль зүйн дэд сайдад хүргэж өгсөн гэсэн байсан.
-Би бас хүн шүү дээ. Алдар цуутай, олны танилд нь хуулийн байгууллага үйлчлэх ёстой юм уу. Нийт иргэндээ шударгаар үйлчлэх ёстой гэж би боддог. Г.Буяндорж, Т.Ариунаа хэн билээ. Би хэн билээ. Би бол бизнес хийж, хэсэг хүнийг ажлын байртай болгож яваа жирийн нэгэн эмэгтэй. Хүн өөрөө өөрийнхөө юмыг хулгайлна гэж хэзээ ч байхгүй биз дээ. Хүний гэрчилгээг аваад л сейфэндээ хадгалаад л дахиад өөр хүнд шилжүүлээд л сууж байдаг хуулийн ажилчин гэж байх уу.
Арай дэндүү гүтгэж байгаа шүү. Одоо цагт дөнгөж 200-аад айлыг орон сууцтай болгох гэж хичээн ажиллаж яваа хэн нь ч мэдэгдэхгүй эмэгтэйд үйлчилдэг цадигаа алдсан хуулийн байгууллагын ажилчид гэж байх уу. Надаас илүү олон жилийн өмнөөс гарт баригдах нүдэнд үзэгдэх юмтай бизнес хийсэн хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүмүүс зөндөө л хэл аманд өртөж Ганц худагт ордог л биз дээ. Мөнгө аваад хүнийг хэрэгт хийгээд, нөгөөг нь авч үлдээд байдаг тийм хууль өнөөдөр үйлчилж байсан бол тэд энэ Ганц худгийг тойроод л гарах байлгүй. Хэдэн жилийн өмнө Г.Буяндорж хуулийнхнийг ашиглаж хууль бус үйлдэл хэрэгжүүлээд дараа нь өөрөө уснаас хуурай гарч өөртөө тусалсан бүх хүмүүсийг шоронд явуулсан тэдний ар гэр, үр хүүхэд, амь амьдралаар тоглоод явсан гашуун үнэн хэвлэл мэдээллээр бишгүй л бичигддэг шүү дээ. Яг тэрэн шигээ бодож дээрэм хийх гээд чадаагүй, үнэнд гүйцэгдсэн л байхгүй юу.
Шударга нийгэм, хууль, Ерөнхийлөгч, хуульчид энэ төрд гарсан гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Үндсэндээ хууль хяналтын байгууллагыг миний нэрийн ард хавчуулан бүтэн таван сар хэвлэл мэдээллээр гүтгэж доромжиллоо. Энэ бол эмгэнэл. Г.Буяндорж, Т.Ариунаа хоёр хэвлэл мэдээлэлд бичигдэж байгаа шигээ тийм мундаг хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүнд залилуулсан бол эхний ээлжинд цагдаад гомдлоо гаргаж түүнийгээ нотлоод л асуудлыг шийдүүлэх бүрэн эрхтэй Монгол Улсын иргэд биз дээ. Гэтэл үндсэн явах чигээ хаяад хэвлэл мэдээллээр элдэв янзын гүтгэлэг бичүүлээд яваад байгааг юу гэж ойлгохоо монголын ард түмэн өөрсдөө мэдэхтэйгээ байгаа.
-Хэрэв Г.Буяндорж буруугаа хүлээн зөвшөөрөөд таниас уучлалт гуйвал уучлах уу. Гомдлоо татах уу?
-Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин үүний оронд “Энэ байшинг чамд зарсан нь буруу байж. Зах зээлээ дагаад барилга ашигтай болохыг мэдсэнгүй. Ашиг олох боломж нь байж” гэж хэлээд тусламж гуйсан бол би зүгээр байхгүй. Орлого, зарлагаа тооцоод ямар нэгэн байдлаар туслахыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь хууль бус аргаар залилсан учраас одоо бол түүний энэ үйлдлийг уучлах боломжгүй. Урьд нь би түүнд тусалсаар ирсэн. Итгэж байсан. Ломбардад машинаа тавиад авч чадахгүй байхад нь хүртэл авч өгч байлаа.
“Хүүхэд байр түрээслэх гэсэн юм мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь ч гэсэн туслаж байсан. Үүнийг өөрөө ч гэсэн мэдэж байгаа. Эцэст нь дахин хэлэхэд өнөөдөр шүүхийн шинэчлэл яригдаж байгаа энэ үед асуудлыг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байгаа. Хуучин бол МАН-ын засгийн үед Г.Буяндорж ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулсан байсан ч аврагддаг байсан байж болно. Та нар Дарханы хэргийг санаж л байгаа байх. Г.Буяндорж нь хэрэгт холбогдоод эцэс сүүлдээ хууль хяналтынхан буруутаад өөрөө огт ял шийтгэлгүй үлдэж байсан. Одоо бол өөр шүү. Шударга Ерөнхийлөгч, сайд, хуульчид энэ төрд ажиллаж байгаа гэдгийг дахин дахин хэлэхэд урамтай байна.



