
Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвабаяр БНХАУ-ын Хөх хотод суралцаж буй оюутнуудын эрх, оролцоог хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Өвөрмонгол дахь Монгол оюутны холбооны удирдлагууд болон Хөх хот дахь их сургуулиудын Монгол оюутны холбоодын төлөөлөлтэй албан уулзалт хийж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Тус уулзалтад Өвөрмонгол дахь Монгол оюутны холбооны тэргүүн Б.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Г.Чанцалдулам, Хөх хот дахь их сургуулиудын Монгол оюутны холбоодын удирдлагууд оролцов. Уулзалтын үеэр талууд хоёр талын оюутан залуусын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулах, цаашдын харилцааг тогтвортой үргэлжлүүлэх талаар санал солилцсон юм.
Уулзалтын хүрээнд Социал Демократ Монголын Оюутны Холбооноос хэрэгжүүлж буй E Student 2.0 төсөл болон “100+100” оюутны дадлагын хөтөлбөрийг танилцуулж, уг хөтөлбөрт Хөх хотод суралцаж буй 30 оюутан хамрагдахаар болсныг онцоллоо. Энэ нь гадаадад суралцаж буй Монгол оюутнуудыг мэргэжлийн дадлага, ур чадварын хөгжлийн бодит боломжоор дэмжих чухал алхам болж байна.

БНХАУ-ын Хөх хотод нийт 2000 гаруй Монгол оюутан суралцаж байгаа нь энэхүү хамтын ажиллагааны цар хүрээ, ач холбогдлыг улам тодотгож байна.

СДМОХ-ны холбооны “Шинэ Мянганы Хөгжлийн Стратеги”, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилт, цаашдын хөгжлийн бодлогыг танилцуулж, хамтын ажиллагааны хүрээнд оюутан залуусыг хөгжүүлэх, манлайллыг бэхжүүлэх, олон улсын түвшний сүлжээ холбоог өргөжүүлэхэд онцгойлон анхаарч байгааг мэдээллээ.

Уулзалтын үеэр Өвөрмонгол дахь Монгол оюутны холбооны тэргүүн Б.Тэмүүжин хэлэхдээ: “Энэхүү уулзалт нь Өвөрмонголд суралцаж буй монгол оюутнуудын оролцоо, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой боллоо. Бид цаашид Социал Демократ Монголын Оюутны Холбоотой нягт уялдаа холбоотой ажиллаж, оюутнуудын хөгжил, боломжийг нэмэгдүүлэхэд бодитой хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвабаяр: “Гадаадад суралцаж буй монгол оюутнууд бол Монголын ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах оюуны том нөөц юм. Тиймээс тэднийг эх оронтой нь илүү ойр холбох, хөгжлийн бодлого, боломж, хөтөлбөрүүдэд идэвхтэй хамруулах нь бидний чухал зорилт. Хөх хот дахь энэхүү уулзалт нь хамтын ажиллагааны эхлэл төдийгүй илүү өргөн цар хүрээтэй ажлуудын суурь болно” гэдгийг хэллээ.

Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвабаяр 2025 онд Монгол Ардын Намын тэтгэлгээр Өвөрмонголын их сургуульд суралцаж буй 9 оюутантай тусгайлан уулзаж, тэдний сурлага, оролцоо, цаашдын хөгжлийн зорилтын талаар ярилцан санал бодлыг нь сонсов. Уг уулзалт нь тэтгэлэгт хамрагдсан оюутнуудтай эргэх холбоотой ажиллах, тэдний суралцах орчин, хөгжлийн хэрэгцээг ойлгож дэмжихэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.
Уулзалтад оролцсон оюутнууд энэхүү арга хэмжээг үр дүнтэй, өгөөжтэй болсныг онцолж, цаашид илүү нягт эргэх холбоотой ажиллах, хамтарсан хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ийнхүү Социал Демократ Монголын Оюутны Холбоо нь хилийн чанадад суралцаж буй Монгол оюутнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тэдний хөгжлийг дэмжих, эх оронтой нь холбох, бодит оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлд ээлжит бодитой алхмаа хийлээ.



