Ангилалгүй

ОПЕРАТОР: “Сайн электроникс” өдөрт ажилтнууддаа 50 дугаар өгч, “Энэ хүмүүс рүү залга, зээл олго” гэж шаарддаг. Харилцагчдад худлаа хэлэх, дарамтлах бол энүүхэнд

“Сайн электроникс” ХХК бараа зээлээр авсан харилцагчдаа зүй бусаар дарамталдаг тухай гомдлуудыг иргэд, хохирогчид манай редакцид хаяглан ирүүлсээр байна. Энэ удаа тус компанид ажиллаж байсан иргэн харилцагчдыг хэрхэн дарамталдаг, байгууллага дотроо хэрхэн худлаа ажилладаг тухай ноцтой мэдээллүүдийг ирүүлжээ. Захидалд: 

“Сайн байна уу? Би энэ сенсац болоод байгаа САЙН ЭЛЕКТРОНИКС компанийн талаар мэдээлэл өгөх гэсэн юм аа. Би өнгөрсөн жилийн есдүгээр сард энэ компанид ажилд орж байсан юм. Оперотерын ажлаар. Тэгтэл ажлын анхны өдрөөсөө л захирал, ахлах нар нь харилцаа муутай хүмүүс байв. Хачирхалтай нь  өглөө болгон ажил эхлэх үеэр оперотерууддаа 50 дугаар өгдөг. “Энэ хүмүүс рүү залга, бүгд зээл авах сонирхолтой. Зээл сонирхсон хүмүүс байгаа” гэж хэлдэг. Тэр дугаарыг хаанаас яаж олдгийг хэлддэггүй.

За тэгээд тэр дугаарууд нь бүгд “Үгүй, сонирхоогүй. Танайхаас байнга ингэж залгах юм” гэсэн хүмүүс байдаг. Тэр дунд ганц нэг бараа сонирхсон хүн байна. Тэгээд тэр хүнээ “салбар дээр заавал авчир” гэдэг. Хамгийн ноцтой нь хүмүүстэйгээ утсаар яриулахдаа “зээл гарах боломжтой байна, та одоо ирээд гэрээгээ хийгээд бараагаа авах боломжтой байна уу” гэж худлаа яриулдаг. Яахав, өдөр болгон  худлаа ярьж салбар дээр 8 хүн авчирвал сарын сүүлд 3 саяын цалин өгдөг билээ. Есөн хүн өдөр болгон авчирвал 4 сая гэх мэтчилэн. Заа тэгээд, салбар дээр нь авчирсан хүмүүст нь зээл гарах ч хүн байгаа, гарахгүй ч хүн байгаа. Гарахгүй хүмүүс мэдээж хэрэг уурлана. “Зээл гарна” гээд авчирсан биз дээ, яасан гээд маш их уурлана. Гомдол хэлэх утсыг  өгдөг. Хариуд “Манай оперотер шинээр орсон хүн байгаа юм. Таньд буруу мэдээлэл өгсөн байна. Цалингийн 20 хувиар торгох юм уу ажлаас  чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна” гэж худал хэлж утсаа тасалдаг. Захирал, ахлах бүгд худалч. Iphone загварын утас байхгүй байхад “байгаа” гэж хэл гэдэг, маш ичмээр. 

Үүнээс гадна ажилтнуудаа байнга дарамтлана, загнана. Цайны цагаар аятайхан ч цайнд оруулддаггүй. Нэг л их зар тавьж, өндөр цалин амлаж, хүмүүс ажилд авдаг. Оперотерууд нь иймэрхүү маягаар ажилладаг.

Харин одоо эргэн төлөлтийн оперотерууд гэж тусдаа. Яг энэ сенсаци болоод байгаа дарамталж буй хүмүүс бүгд 72-оор эхэлсэн компьютерын дугаартай. Бас байгууллагаас нь өгдөг 80…. гэх юнителын дугаартай. Зээлдэгч зээлээ ганц нэг хоног хэтрүүлэхэд л шууд залгаж дарамталдаг. Хоёр, гурван удаа утсаа аваагүй юм уу, холбогдох боломжгүй байвал шууд ар гэр рүү нь залгаж ярьдаг. “Энэ хүнээ зээлээ төл” гэж хэл. Одоо  эрэн хайх ажиллагаа эхлүүлнэ. Цагдаа шүүхийн байгууллагад хандана гэх мэтээр маш бүдүүлэг. Ингэж дарамталж, дарамталж төлүүлээд, жишээ нь сард нийт 30-40 саяын зээл төлүүлсөн бол 3 сая гэх мэтчилэн цалин өгдөг юм билээ. 50-60 сая төлүүлбэл 4 саяын цалин гэх мэт авна. Хэрэв сарынхаа нооромд хүрээгүй бол 1 сая төгрөгийн л цалин авна. Түүнээсээ урьдчилгаа 300 мянгыг хасна. Байгууллагаас өгсөн дугаарынхаа төлбөрийг авна. Сард төлбөр нь 100, 200 мянга гарна. Дээр нь  нийгмийн даатгал хасна. Ингэж бодхоор 1 сая төгрөгнөөс 200 мянган төгрөгийн цалин авч байвал их юм. Ийм цалин авахгүйн тулд ажилчид нь харилцагчаа дарамталж, зээлээ төлүүлдэг.

Түүнээс гадна зарж байгаа бараа нь асуудалтай. Хятадаас бараагаа татдаг юм шиг байна лээ. Бараанууд дээр нь гомдол их ирнэ. Нэг удаа харилцагчаас гомдол ирж, нэг сэтгүүлч фэйсбүүк дээрээ постолсон байсан. Тэгэхэд бүх ажилчдаа “энэ хүнийг репорт хий” гээд хийлгүүлж байсан. Захирал нь грүпп чат дээрээ “репорт хий” гэж бичээд, нөгөө чат нь дотроосоо алдагдаад тэр сэтгүүлч рүү очсон байсан. Тэгэхэд бүгд сандараад, “грүппээс гар шинэ грүпп нээнэ” гэх мэтээр явж байсан. Ингээд бичвэл маш олон зөрчил, бүдүүлэг үйлдлүүд бий.  Дахин, дахин хүмүүсийг хохирч байхыг хармааргүй байна. Баярлалаа” гэжээ. 

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button