НИЙГЭМУЛС ТӨРХалуун сэдэвХөшигний ардЦАХИМ МОНГОЛЦахимжсан монгол

Г.Тэмүүлэнгээс нүүр буруулсан жүжиг буюу 15-ынхны ээлжит УЛСТӨР

С.Амарсайхан улам чанга, улам олон шүгэлдэх гэнэ. Хууль зүй дотоод хэргийн сайдаар 166 өдөр ажиллахдаа гартаа оруулсан факт ихтэй юм байх. Үүнийгээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол дэлгэх нь гэж түүний тайлбараас ойлгогдов.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “С.Амарсайхан 2027 оны сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой кандидат учраас зориуд харлуулахын тулд бохир улстөр хийж байна” гэсэн нь түүнийг горилно гэдгийг баталсан хэрэг биз.

Он гараад нэр дэвшигчийг тодруулах акц албан ёсоор өрнөнө. Үүнээс өмнө нэр дэвшигч ажлаа өгсөн байхаас гадна нам доторх горилогчдоосоо тодорч товойсон, намын нөхдөөсөө илт давуу дэмжлэг авахуйц байх шаардлагатай. МАН АН-ын тухайд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзвэл үзээд карьеараа дуусгах сонирхолтой олон хүн байгаа онцлог жил. Тэдний нэг нь С.Амарсайхан бөгөөд түшиц нь Д.Амарбаясгалан болоод худ болох Х.Баттулга нь юм.

С.Амарсайхан намын дотоод дахь талцлаа үгүйсгэдэггүй ч аль нэг талд дуугарч нөгөөг сөрдөггүй хагас дугуйдуу кадр. Эвлүүлэх гэж явдаггүй хэрнээ эв нэгдэл ярьсан худлаадуу дүр гэчихэд гомдоллоод байхгүй биз. Тэр Г.Тэмүүлэнг Хууль зүй дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлснийг “Зөв хүн хууль зүйн сайдаар томилогдох гэж байна. Талцлаа хойш тавиад төрийн ажлыг явуулах хэрэгтэй” гэсэн нь тэд Х.Баттулгыг дагасан нэг эргийн чулуунууд гэдгийн илэрхийлэл байж мэдэх.

Ямартай ч мань эр өмнө нь Ерөнхий сайдын суудлаас татгалзсан, УИХ-ын даргын албан тушаалд нэр дэвшээгүй, энэ удаад гэр бүлээ муухайгаар доромжлуулж гүтгэгдсэн зэрэг имиж бүрдүүлээд зогсохгүй 100 илүү хоног сайд хийснийх гартаа барьсан арвин баримттайгаар ирэх сонгуулийн бэлтгэлд гарчих шиг боллоо.

Тэрбайтугай У.Хүрэлсүхийн өндөр дэмжлэгт Ж.Энхбаярыг хэн ч биш болгох ажиллагааг энэ сарын 28-наас эхлүүлнэ гэх учир битүүлэг зар нь ч улстөрийн хүрээнд түгээд эхэлж. 2008 оноос хойш хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгосон дэмжлэг хэний гараар, хэрхэн угаагдсаныг дэлгэх нээлттэй сонсол болох бөгөөд эл сонсголоос илт айж буй нь Ж.Энхбаяр гэсэн дайралт ч газар авч байна. Товчхондоо Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдыг сонгох сар өдрүүдийн өмнө Хөдөө аж ахуйн салбарт холбогдох нээлттэй сонсголыг товлосон байгаа нь нам дамнасан бүлэглэл маш сайн сценаритай, хий алдахгүй ажиллаж буйн илрэл биз. Цаашдаа юу ч зурж, юу ч төлөвлөсөн байгааг тооцох аргагүй юм.

2008 оноос хойших Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдууд гэвэл Т.Бадамжунайгаас эхлэлтэй тооцогдоно. С.Баяр болоод С.Батболдын Засгийн газар дамнан ажилласан түүнээс хойш Х.Баттулга Ш.Түвдэндорж П.Сэргэлэн Ч.Улаан З.Мэндсайхан Х.Болорчулуун Ж.Энхбаяр М.Бадамсүрэн Ц.Идэрбат гэхчлэн сайд нарын захиран зарцуулалтыг сонсох эл сонсголын товыг УИХ-ын дарга С.Бямбацогт товлож өгөхгүй удаасныг нь Х.Баттулгатай холбон тайлбарлах хэсэг бүлэг бий. Өдгөө санхүүжилт олгохгүй байгаа явдлыг Сангийн сайд З.Мэндсайханы бойкот ч гэлцэж буй юм. 

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Мандхайн тухайд намын нэрийн жагсаалтаар парламентын босго давсан бөгөөд Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг.

Л.Оюун-Эрдэнийн халаасанд хав дараатай явсаар гэнэт орж ирсэн гэх нэрс дунд Д.Амарбаясгалангийн цөөн нэр хавчуулагдсаны нэг нь гэсэн үг. Ямартаа ч гишүүн бүсгүй Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллах хугацааны орон нутгийн томилолт бүрт хамт явж, Говь-Алтай Завхан аймгаар хэдэнтээ ороод гарсныг эх сурвалжууд хэлж байгаа.

Увс аймгаас гаралтай М.Мандхайн талаар жич дэлгэрэнгүй өгүүлэх нь зөв байх.

Тэрбээр Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан дахь Монголжин стратежи консалтинг гэх хуулийн этгээдийг эзэмшиж байгаад нэрээ хасуулсан байдаг. Энэхүү хуулийн этгээдийн бүртгэлээс М.Мандхайн хамт нэрээ хасуулсан П.Мөнхбатыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд газрын даргаар ажиллаж байснаар нь улстөрийн хүрээнийхэн мэдэх биз. Тэд Судалгаа төлөвлөлтийн хүрээлэн төрийн бус байгууллагын хамтран эзэмшигчид байгаад мөн нэрээ хасуулцгаасан зэрэг хэд хэдэн мэдээллийн дэлгэрэнгүйг жич хүргэх тул энд түр орхиё.

Ямартай ч нам дамнасан бүлэглэлээс С.Амарсайханыг зүтгүүлж чадвал түүнтэй АН-аас Лу.Гантөмөр өрсөлдвөл зүгээр гэх зураглалаар Л.Оюун-Эрдэнэ АПУ-гийн найраар эргэлдэн П.Батчимэг П.Батсайхан тэргүүтэнтэй уулзсан мэдээлэл бий.

Л.Гантөмөрийн хувьд нам доторх дэмжлэг, хүрээлэл түй ч үгүй тул Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийн дэмжлэгийг авна гэдэг юу л бол. Уг нь түүний олон нийтэд төдийлөн таалагддаггүй дүр С.Амарсайханыг товойлгоход дэм болох буюу товчхондоо золиос юм байх. Сонгогчид Лу.Гантөмөрөөс С.Амарсайхан нь дээр гэх байдлаар сонголт хийнэ гэх утга бололтой. Үүний төлөө Л.Оюун-Эрдэнэ Шунхлайг тойглож, тордож яваа гэлцэх жиг жугийг дурьдалгүй хаявал хайран юм.

Д.Ганбатын тухайд уяаны хөгшин морь шиг хэдийнэ өөрийгөө сойгоод эхэлсэн харагдсан. Намынхаа алдаан дээр өөрийгөө үнэ төлбөргүйгээр тодотгоод сурчихсан дадлаараа тэр энэ өдрүүдийг өөдрөгхөн ашиглаж суух шиг байна. Нарийн тооцвол Л.Гантөмөрөөс ч хол илүү алхчихаж мэдэх рейтинг, нэр хүнд түүнд бий хойно яалтай билээ.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button