НИЙГЭМУЛС ТӨРХөшигний ардХэн нь хэн бэ..ЦАХИМ МОНГОЛЦахимжсан монгол

Шүлэгч шатарчин хоёр холыг харж хорвоог эргүүлэх нь юу л бол?!

Шатар тоглодог сахалтай эр гэх дүрээс өөрөөр нийтэд танигдаж, дэмжлэг авч чадахгүй яваа Г.Занданшатар улстөрийн өрөг дээрх хамгийн бохир тоглогч, хор хутгагч нь юм биш байгаа.

Ерөнхий сайд, цаашлаад эрх баригч намын дарга болох гэсэн хүслээс нь хойш энэ улсын улстөр эмх замбараагүй, харьяалагдах нам нь хөл толгойгүй хуваагдан хар хороос өөрийг ярихаа больсон гэчихвэл ташаарсан болохгүй байх.

Хүрээлэлгүй, дэмжигчгүй түүнийг хэн ингэтэл түлхүүрдэж сум хуйг нь зөөгөөд явдаг юм бол?!

Хүрч болох хамгийн дээд түвшин нь Тамгын газрын хариуцлагатай дарга төдий гэдгийг нь хэлээд зогсоогоод өгчихвөл хэн хэндээ амар баймаар. Ялангуяа улстөрд хоёр туулай хөөдөг хүн хичнээн зүтгээд ч хол явдаггүй нь үнэн.

Мань эр У.Хүрэлсүхийн гэх дардастай ч сэлгээ тоглогч нь Х.Баттулга гэдгийг улстөрийн хүрээнийхэн бүгд мэдэх биз. Ямартаа хоноц хоноцдоо дургүйг харуулж Х.Баттулгын худ С.Амарсайхан байж болох хамаг муухайгаар Г.Занданшатарыг цоллон буруутгаж байхав. Тэрбээр хууль, хүчнийхэнтэй хэрхэн гар нийлж ажилладгийг нь байсхийгээд хэлж байсан нь Г.Занданшатар руу гэхээсээ Х.Баттулга Я.Содбаатар тэргүүтэн рүү шидсэн мессэж ч байж мэдэх.

“ШШГЕГ-ын харьяанд асар нөөцтэй өндөр чанарын нүүрсний орд, гантиг чулууны орд байдгийг Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай нийлж ашиглах зорилгоор үүрэг өгсөн. Энэ асуудлаар А.Намсаманд өнгөрсөн долдугаар сард хоёр ч орж ирж загнуулаад хөөгдөөд гарсан. ЦЕГ-ын Экологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Б.Оюутболдыг Г.Занданшатар томилсон. Б.Оюутболд алтны уурхайтай, асар их сүлжээтэй, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй ойрхон, санхүүжүүлдэг, албаараа дамжуулж хууль бусаар алт олборлодог” гэх мэдээллийг С.Амарсайхан олон нийтэд өгсөн. Тэрчлэн Г.Занданшатарыг уул уурхайтай ойр нэгэн гэдгийг ойрын нь эх сурвалжууд нь ч хэлж байгаа юм. Мань эр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа 2019 онд Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авах ажлыг ахлан орд тойрсон хууль бус үйл ажиллагаа, татвар төлөөгүй зөрчил болон бүлэглэлийн сүлжээний талаар мэдээлж байсныг уншигчид санаж буй биз. Түүнийг Засаг тэргүүлэх богино хугацаанд MCS хоёр ч ордоосоо 34 бус 60 хувийн ашиг ард түмэнд хүртээе гээд баринтаглаж боогоод орж байв. Таван толгойн бүлэг ордын өрөм яах аргагүй Ухаа худаг. Энэ өрмийг ганцаараа хүртэж ирсэн MCS Г.Занданшатарын үед тийнхүү нийтэд ашиг хүртээе гэсэн нь сонирхол татсан хэвээр байгаа. Энэ тухайд жич дэлгэрэнгүй бичих нь зөв юм.

Ямартай ч Г.Занданшатар Засгийн газар тэргүүлж эхэлмэгцээ 2025.08.20-ны өдрийн Засгийн газрын 55 дугаар тогтоолоор MCS-д ашигтай шийдвэр гаргасан гэдэг. Тогтоолд жонш, нүүрснээс АМНАТ авахгүй гэснээс өөрцгүй заалт бий. 3.11 дэх “Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавстралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, АМНАТ ногдуулна” гэсэн уг заалтаар нүүрс экспортлогчид он дуустал АМНАТ-аас бараг чөлөөлөгдсөн гэсэн үг. Жижиг экспортлогчдыг эс тооцвол нүүрс экспортлодог ганцхан том хувийн компани бий нь Энержи ресурс. Ямартаа П.Сайнзориг гишүүн 200 тэрбум төгрөг нүүрсний монополь экспортлогчийн халаасанд орно гэсэн нь энэ үү хэмээн бухимдаж байхав.

Г.Занданшатарыг шатар тоглодог шигээ улстөрийн өргийг ч алдаа гаргалгүй тооцдог гэх хэсэг бүлэг бий. Түүнийг Ерөнхий сайдаас огцруулсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэдгээр Цэц хүртэл явуулж, олон ч хүнийг хуулийн байгууллагын хаалга татуулсныг өөрийнх нь тооцсон нүүдэл гэлцдэг. Асуудал Үндсэн хуулийн Цэцэд хүргэгдсэнээр дараагийн томилгоо яригдах боломжгүй болсон хорон гаргалгаа Монголын улстөрийн түүхэнд хийгдэж байгаагүй нь үнэн. Тухайн өдрийн хурал даргалагчийг хуулийн хаалга татуулах шиг сайн тооцоолол гэж хаа байх билээ. Тэр утгаараа Г.Занданшатар сайн нүүдэг байх. Харамсалтай нь манлайлалгүй, лидер биш лойдор араншин нь бүх зураглалыг устгадаг биз.

Тухайн үеийн Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан Баянхонгор аймгаас гаралтай бөгөөд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Цэцийн гишүүн Д.Ганзоригийн оронд нэр дэвшүүлэн томилуулж байсныг цаг үеийн мэдээллүүд гэрчилнэ. 2018 оноос эхлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг Х.Баттулгын хүн ч гэлцдэг. Тэр утгаараа УИХ-ын квотоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас оруулж ирсэн гэдэг байх.

Хураангуйлаад дүгнэхэд, Г.Занданшатарыг Ерөнхий сайд болсон цагаас МАН-ын талцал хурцдаж хэзээ төгсөх нь тодорхойгүй өнөөдрийн хор хохиролд хүрсэн хэмээн улстөрийн хүрээнийхэн үзэж байна. Ерөнхий сайдын тамга гардмагц Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад зүтгүүлж намынхныхаа эсрэг шүгэл үлээлгээд зогсохгүй АН-тай хийсэн хэлцлээсээ буцан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, ИЗНН-ыг Засгаас гаргаж Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Номтойбаярыг томилуулах саналыг хүлээж авахаас татгалзсан зэрэг болчимгүй шийдлүүд нь цаашид ч улстөрд сайныг авчрахгүй гэгдэж буй юм.  

Журмын нөхдөөсөө энэ мэт байдлаар жийгдэж эхэлсэн Г.Занданшатар арга ядахдаа МЕС судалгааны байгууллагын дүнгээр МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг иргэдэд ихээхэн таалагдаж, нам доторх өрсөлдөгчдөө хол хаялаа зэрэг постер шидүүлэн шившгээ дэлгэж яваа юм байх. Төлсөн төлбөрийнх нь хэмжээгээр хүссэн тоог нь гаргаж өгдөг гэх МЕС-ийн судалгаа гэхээр учир мэддэгүүд нь ийнхүү жиг жуг хийж буй биз. Ядаж байхад түүний зөвлөхөөр Ж.Мөнхбат ажиллаж байгаа сул мэдээлэл хөвөрч байна. Улстөрөөс хэсэгтээ холдсон уран үгт, урдах нүүдэлдээ хүрэхийн тулд нөхдөө “устгаж” бэрс гардаг шатарчин хоёр зохицно гэдэг юу л бол… Дутуу л тооцож.

Бүс тойрог нэг байлаа гээд Баянголын хуйцааг өдөр бүр хамтдаа зооглох уйтай л байх.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button