
“Ганцхан тохиолдолд Туулын хурдны замыг зогсоож болно. Нэг бол шүүхийн шийдвэрээр, эсвэл намайг алчхаад зогсоо. Өөр сонголт байхгүй” гэж дөнгөж арав хоногийн өмнө Хотын дарга Х.Нямбаатар дүүргийнхээ намын хорооны гишүүдтэйгээ лоозон барьж жагсах үеэрээ хэлж байв. Гэтэл томилогдоод долоо ч хоноогүй БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир тус төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг тавих ажил анхны төсвөөсөө яагаад 2.3 их наяд төгрөг болтол тэлэв, ямар компани тендер авсан, ажил нь хэдэн хувьтай байгаа, хэчнээн төгрөгийг гүйцэтгэгч компанид өгсөн, “тэмцэгчид” яагаад эсэргүүцэв, Х.Нямбаатар яагаад гудамжинд гарч орилов, сүүлд Ц.Сандаг-Очир яагаад түр зогсоох шийдвэр гаргах болсон гэх зэрэг өрнөлийг цаг хугацааны дарааллаар нь нэгтгэн хүргэе.
12 жилийн өрнөлийг харуулах Timeline (баруун тийш гүйлгэж үзэх боломжтой)
https://flo.uri.sh/visualisation/28421467/embed?auto=1
Made with Flourish • Create a chart
Төсөв тэлсэн шалтгаан:
“Туулын хурдны зам” Х.Нямбаатарын Хотын дарга байх энэ хугацаанд ажил нь эрчимжиж байгаа боловч 12 жилийн өмнө буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс эхтэй. НИТХ-ын 2024 оны тогтоолоор дөрвөн эгнээ бүхий 32 километр авто замын зураг, төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу 916 тэрбум төгрөгөөр батлагдсан. Харин төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын ээлжит хуралдаанаар Туулын хурдны замыг зургаан эгнээ болгох, төвийн хэсгээр дайран өнгөрөх хэсгийг гүүрэн байгууламжаар төлөвлөх шийдвэр гаргаж, нийт өртгийг нэг их наяд 965 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн.
Гэтэл Улаанбаатар хотод хэрэгжих нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байршилд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Нэгт. Урт нь 6,771 метр байсныг 9,878 метр болгож нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт Зам тээврийн сайдын 2024 оны тушаалаар ажилчдын цагийн цалин болон машин, механизмын ашиглалтын нэг цагийн үнийн жишиг шинэчлэн батлагдсан тул ТЭЗҮ болон зураг төсвийг шинэчлэх шаардлагатай гэж 400 тэрбумаар санхүүжилтээ тэлж одоогийн дүн буюу ₮2.3 их наяд болсон байдаг.
Үүнийг Улаанбаатар хотын болон замын сангийн төсвөөр 3-4 жилд хуваан төлнө. Энэ онд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. 2.3 их наяд төгрөгийн дийлэнх нь 9.8 км урт гүүр, 190 урт метр хонгил барихад зарцуулна
Тендер шалгарал ба Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК:
Туулын хурдны замын тендер нийт гурван удаа зарлагдсан. Анх |2025.01.27|-нд 1.9 их наяд төгрөгийн өртөгтэйгөөр зарлагдахад компани оролцоогүй, дахин |2025.03 сар|-д зарлахад Хятадын гурван компани шалгарч байв. Удалгүй тухайн үнийн саналыг цуцалж, нийт өртгийг 400 тэрбумаар тэлж ₮2.3 их наяд болгон дахин тендер зарласан байдаг. Улмаар 4 Хятад компани үнийн санал ирүүлж, China Hyway group limited гэх төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй компани шалгарч байв. Нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.
Эргэн сануулахад, тухайн компани нь Монголд бүтээн байгуулалт хийж байгаагүй. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэгдээд ерөөс 21 хонож байхдаа ганц тендерт хүч сорьж 2.3 их наядын өртөгтэй “Туулын хурдны зам”-ийн ажлыг гүйцэтгэхээр болж байсан билээ.
Туулын хурдны замд одоогоор 500 сая төгрөгийг бид гаргачихсан. Энэ мөнгөөр өнгөрсөн хугацаанд юу хийв:
2025.07 сар: Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт эхэлсэн,
2025.08 сар: Замын барилга угсралтыг эхлүүлэхээр бэлтгэж, ажлаа эхлүүлсэн,
2025.10 сард: Инженер, геологийн өрөмдлөгийн ажлыг эхэлсэн,
2025.11.13 Туулын хурдны зам төслийн хүрээнд далангийн хөрс хуулалт, түр замын ажлууд эхэлжээ. Талбайд 130 орчим хүн, 30 гаруй машин механизмтай ажиллаж, урьдчилан хүчитгэсэн дам нуруу үйлдвэрлэх 70 мянган ам метр талбайгаас 30 мянган ам метрийг тодорхойлж, 20 мянган ам метр талбайд чулуун шороо тэгшлэх ажлыг бүрэн дуусгасан.
2026.03.12: Зам барих явцад байнгын болон түр ашиглах дөрвөн кемп байгуулна. Мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг зураг төслийн хүрээнд зөвшилцөж, шийдлүүдээ боловсруулсан.
Өнгөрсөн оны долоон сараас хойш хийгдсэн ажлууд нь энэ. Үргэлжлүүлэн “тавдугаар сарын 10-нд шугам сүлжээний ажлуудын нарийвчилсан зураг төсөл бүрэн дуусна. Үндсэн трассын зургийн ажлыг тавдугаар сарын 15-нд магадлалаар батлуулж дуусна. Туулын хурдны замын гүүрний дам нуруу цутгалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс, гүүрний барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлнэ. Туулын хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа” гэх мэдээллийг албаныхан өгч байсан билээ.
Туул гол уу, Туулын хурдны зам уу: Тэмцэгчид юуны төлөө гарч ирж, Х.Нямбаатар яагаад “галзуурав“

|2026.03.20|-ноос Save Tuul хөдөлгөөн эрчимжсэн. Талбай дээр жагсаал хийж, тодорхой байр сууриудыг илэрхийлж, Х.Нямбаатараас энэ төслөө буцаа, хяналт шалтгалт оруулахыг шаардсан юм. Хариуд нь Хотын дарга |2026.03.31| дүүргийн намын хорооны дарга нартайгаа уриа лоозон барьж, гудамжинд микрофон, дуу өсгөгчтэйгөөр Туул гол дагуу алхав.
Ингэхдээ тэр зүгээр ч алхсангүй. “Хатан Туулаа хамгаалъя” уриатай жагсаж буй иргэдтэй мөргөлдөөн үүсгэх шахам зүйл болгов. Жагсагчдыг “Олигархын төлөөллүүд улс төрийн эрх ашгийн төлөө тэмцэж байна. Барьсан юмыг нь булааж ав. Энэ хүнийг жагсаалаас явуул” гэх мэтээр чичилсэн. Дээрээс нь айл айлын гадаа очиж, нэр хаягийг нь улс даяар зарлав. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, зохиолч Ц.Оюунгэрэлийн гадаа очиж “Гараад ир” хэмээн хашхичив. Энэ нь хүний хувийн нууцыг задалсан төдийгүй, Туул голоо хамгаалах талаар үзэл бодлоо илэрхийлснийх төлөө нэг төрлийн дарамт үзүүлсэн үйлдэл болсныг иргэд шүүмжилж байна. Яах вэ, өөрийнхөө урагшлуулж байгаа төслийг хамгаалах нь нэг талаараа түүний зөв ч арга нь буруудчихсан.
Тэмцэгчдийн бухимдаж буй шалтгаан:
- Энэ төслийн бичиг баримт гүйцэт гараагүй, усны газар дүн шинжилгээгээ өгөөгүй байна. Гэтэл өнгөрсөн оны долоодугаар сарын 9-нд УИХ-ын гишүүд 36 секундийн дотор ярилцаад шийдвэр гаргасан байна. Ийм богино хугацаанд хэлэлцэж баталдаг мега төсөл гэж бодит амьдралд байхгүй.
- Туулын хурдны зам ашиглалтад орсноор түгжрэл буурахгүй. Эхний гурван жилд түгжрэл буурсан мэт санагдах боловч 4-5 жилийн дараа хурдны зам өөрөө түгжрэлийг нэмэх шалтгаан болдог.
- Туул гол дээгүүр хурдны зам барихыг дэмжихгүй байна. Учир нь Туул гол бол Монголын түүх болон хүмүүсийн сэтгэлд хоногшсон, шүтээн болсон газар. Монголчууд байгалийг амьдчилж хайрлаж, хамгаалдаг. Яг түүн шиг бусад улс орнууд ч мөн адил байгаль өөрөө эрхтэй гэж хүлээн зөвшөөрч эхэлж байна.
- Нэг км замын өртөг 70 тэрбум төгрөг болж байгаа нь хэт өндөр гэж шүүмжилсэн. Энэ хэмжээний санхүүжилт нь улсын төсөвт дарамт үүсгэж, цаашид нэмэгдэх эрсдэлтэйг онцлов.
Мөн Байгаль орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээг хийсэн ч үнэлгээний тайланд мэргэжлийн усны болон ой судлаачид оролцоогүй гэдгээ мэдэгдэв. Энэ нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан юм.
НЗДТГ болон албаныхны зүгээс мэдээлсэн байр суурь:
Усны инженер Ш.Баранчулуун: Нэгдүгээрт, ирээдүйд үерийн эрсдэлээс сэргийлж, үерийн далангаа Туулын хурдны замтай хамт давхар шинэчилж байгааг ойлгох нь зүйтэй. Хоёрдугаарт, Туул голын усны 25 хувь нь хотоос маш алсаас буюу Хан Хэнтийн нурууны цэвдэгтэй хэсгээс эх авч урсдаг, 70 хувь нь хур тунадасны уснаас бүрдэж байгаа. Туул голыг хур тунадасны горимтой гол ч гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Хур тунадас их, бага орсноос усны түвшин нь шалтгаалдаг гэж хялбараар ойлгоход болно. Тиймээс Туулын голын усны түвшинд Туулын хурдны зам нөлөөлөх ямар ч үндэслэл, боломжгүй.
Хотын дарга Х.Нямбаатар: Туулын хурдны зам дээр өр тавьж барих гэж байна гэж сошиалд яриад байсан. Энэ зардал нь нийслэл өөрөө замын сангийн хураамж, нийслэлийн татвар төлөгчдийн хураамжийг төсөвт төвлөрүүлснийгээ төсвөөр хуваарилаад хийгдэж байгаа ажил. Энэ замын төсөвт өртөг 13 жилийн хугацаанд өсчихлөө гэж байна. 2013 онд энэ замын төсөвт өртөг 468 сая ам.доллар буюу нэг эгнээ дөрвөн гүүрэн байгууламжтай байсан бол өнөөдөр 6 эгнээ болж 9.9 км урттай болсноор 680 сая ам.доллар болсон.
Туул гол ба Туулын хурдны замын асуудал ийн хурцдаж, Засгийн газрын хүрээнд яригдсан. Г.Занданшатарын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, төслийг зогсооно гэж мэдээлэгдсэн ч эл асуудлыг хэлэлцээгүй. Улмаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилогдох үед Х.Нямбаатарт хариуцлага тооцох, Туулын хурдны замын санхүүжилт болон хяналт шалгалт, үнэлгээг нягталж үзэхийг зарим гишүүд шаардсан. Тухайн үедээ Н.Учрал “Эхлээд би өөрөө томилогдъё, асуудлыг судална” гэж хариулж байв. Гэтэл түүний Засгийн газрын гишүүд бүрдээд долоо ч хоноогүй байхад БОУАӨ-ийн сайдаар томилогдсон Ц.Сандаг-Очир төслийг түр зогсоолоо.
Зогсоосон шалтгаан нь,
Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, холбогдох хууль, журмын дагуу БОУАӨЯ-аар батлуулсан бөгөөд үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ явуулах зөвлөмжийг өгсөн байна.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч буйгаа мэдэгдэхдээ,
Үүнд:
- Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;
- Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгов.
Улмаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанд Х.Нямбаатар оролцсон. Хуралдаанаас гарч ирмэгц түүнээс цаг үеийн тодруулга мэдээлэл авахыг хүссэн боловч татгалзсан билээ. Ташрамд, өчигдрийн хуралдаанд Ц.Сандаг-Очир суугаагүй, Ерөнхийлөгчтэй орон нутгийн томилолтод яваа билээ.



