
УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Туулын хурдны замын асуудлаар нийслэлийн удирдлагууд болон ажлын хэсгийнхний мэдээллийг сонссон билээ.
Энэ үеэр Усны инженер, доктор Ш.Баранчулуун уг хурдны замын Туул гол болон гол дагуух бургас зэрэгт нөлөөлөх нөлөөллийн талаар дараах тайлбарыг өгсөн юм.
Тэрбээр, “Олон нийтийн санаа зовж байгаа асуудал бол гүүрэн байгууламж барьчихаар сүүдэрлэлтэд өртөх талбай ямар байх юм бэ гэдэг асуудлыг их хөндөж байна. Байнга сүүдэрлэгдсээр байгаад экологийн аюул дагуулах юм биш биз дээ гэсэн болгоомжлол бий.
Сүүдэрлэлт нь өглөөнийх, өдрийнх, оройных гэсэн гурван байрлалаар сүүдэр тусдаг бөгөөд гүүрний сүүдэрлэлт дээр ажиллаж, тодорхойлоход нийт өргөнийнхөө 3-5 хувийн сүүдэрлэлт үүсэх юм билээ. Байгууламж өндөрсөх тусам байнга сүүдэрлэгдэх талбайн хэмжээ 0 руугаа тэмүүлдэг, ийм учиртай. Тэгэхээр байгаль орчин, экологид сөрөг нөлөөгүй.
Мөн бургасны тал дээр, бургасыг хамгийн сайн судалсан нэрт эрдэмтэн бол Байгаль орчны доктор Д.Энхсайхан гэж хүн бий.
Энэ хүний судалгаагаар Туулын бургасны 80 орчим хувь нь хөгширч, залуужуулах тайралт хийгдэлгүй удсан байдаг. Тэгэхээр одоогийн бургаснуудыг тайралт хийвэл сайн сэргэж ургана гэдэг судалгааны үр дүнгээ танилцуулсан.
Усанд үзүүлэх нөлөөний тухайд, Туул голын нийт урсацын 25 хувь нь газрын доорх усаар, 5 хувь нь хайлсан цас, мөнх цаст мөсөн голын усаар, 69 хувь нь хур борооны усаар тэжээгддэг тул хур борооны горимтой гол гэж нэрлэгддэг. Гэхдээ 1590 оноос хойших Япон, Монголын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Туул голын урсац дөрвөн удаа татарч, гурван удаа их устай байсан юм билээ. Татралтын хугацаа нь хамгийн багадаа есөн жил, хамгийн уртдаа 36 жил, дунджаар 17-26 жилийн хугацаанд татралт ба нэмэгдэлт нь үргэлжилдэг.
Бидний сайн мэдэхээр Туул гол 2000-2008 оны хооронд татралттай байсан. Мөчлөгийн циклээс нь харвал ирэх жилээс бага зэрэг татралтын шинж тэмдэг илэрч магадгүй. Татралт үргэлжилсэн үед Туул голын ус Маршалын гүүр орчимд хургаж, бороо хур орсон үед тэлдэг” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.



