ДЭЛХИЙНИЙГЭМТанд тустайХэн нь хэн бэ..ЦАХИМ МОНГОЛ

“Хуульт ёс” ном монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдэж, нээлтээ хийлээ

Орчин үеийн эрх зүйн онол, философийн хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг гэгддэг Legality ном монгол хэлнээ “Хуульт ёс” нэрээр хэвлэгдэж, нээлтээ хийлээ.

Номын нээлт 2026 оны гуравдугаар сарын 9-нд Шихихутуг их сургууль-ийн номын санд болсон бөгөөд уг бүтээлийг Скотт Ж. Шапиро туурвисан юм.

Энэхүү номыг монгол хэлнээ хэвлэн гаргах ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж, “Дэлхийн оюуны өвийг Монголд” цувралын хүрээнд нийтэлжээ. Уг санаачилгыг Л.Өлзийсайхан гаргасан байна.

Эрх зүйн онолын томоохон бүтээл

Номын редактороор ажилласан хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан уг бүтээлийн онолын агуулга, философийн үндсийг танилцуулж, “нийтийн төлөвлөгөө”-ний онол буюу Planning Theory of Law эрх зүйн уламжлалт тайлбаруудтай шинэ өнцгөөс маргаан өрнүүлсэн онцлогтойг онцолсон юм.

Тэрбээр энэхүү бүтээл нь эрх зүйн позитивизмын онолыг үндэслэгч Жон Остин-ы “санкцын онол”, мөн Херберт Л.А. Харт-ын “хүлээн зөвшөөрөх дүрэм”-ийн онолыг гүнзгийрүүлэн авч үзсэнээс гадна эрх зүйг ёс суртахуунтай нягт холбон тайлбарласан Рональд Дворкин-ы үзэл баримтлалтай харьцуулсан хэлэлцүүлгийг өрнүүлснээрээ онцгой бүтээл болсныг дурдсан.

Хоёр жилийн орчуулгын ажил

“Хуульт ёс” номыг хуульч, орчуулагч С.Энх-Амгалан монгол хэлнээ орчуулсан бөгөөд тэрбээр номын бүтэц, нэр томьёоны онцлог болон агуулгын өргөн хүрээг тайлбарласан юм.

Түүний хэлснээр, уг бүтээл нь зөвхөн нэг онолчийн байр суурь бус, эрх зүй болон философийн салбарын олон жилийн онолын маргаан, хэлэлцүүлгийг нэгтгэсэн судалгааны бүтээл ажээ.

Орчуулгын судалгааны ажил 2020 оноос эхэлж, номыг монгол хэлнээ орчуулах, редакцлах, хэвлэлд бэлтгэх процесс нийтдээ хоёр жил орчим үргэлжилсэн байна.

Монголын эрх зүйн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулна

Номын нээлтэд оролцсон Г.Эрдэнэбат энэхүү бүтээл нь Монголын орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мөн хууль тогтоогчид, эрдэмтэн судлаачид, багш, оюутнуудад практик судалгааны чухал гарын авлага болох ач холбогдолтойг онцолсон байна.

Профессорын видео мэндчилгээ

Номын нээлтийн үеэр зохиогч Скотт Ж. Шапиро Монголын уншигчдад зориулан видео мэндчилгээ илгээжээ.

Тэрбээр “Legality” бүтээл нь хуульчид, судлаачид, оюутан багш нарын эрх зүйн онолын судалгаанд хэрэгтэй суурь эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button