
2026 оны Морин жилийн улс төр тун ширүүхэн эхэлж байна. Эрх баригч МАН-ын дотоод фракцуудын “зодоон” дахин сэдэрч, хаврын улс төр хавсрагатай, ширүүсвэл Саарал ордноо хийсгэх хүртлээ өндрийг авч мэдэхээр байна. Энэхүү улс төрийн хавсаргыг Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төсөл улам өрдөж өгөх нь тодорхой боллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр “Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх Үндсэн хуулийн чиг үүрэгтэй. Үүний хүрээнд иргэдийн парламент дахь хяналтыг нэмэгдүүлэхээр уг хуулийг өргөн барьж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Хуулийн төсөлд:
- Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
- Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
- Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.
Хэрэв энэ хууль батлагдвал 126 гишүүнтэй парламентын чамгүй олон гишүүний бүрэн эрх хөндөгдөж, улс төрийн “цэвэрлэгээ” хийгдэж мэдэх нь. Одоогоор нэр бүхий хэд хэдэн гишүүдийн асуудал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Тухайлбал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан Ардын намын даргын сунгаанд өрсөлдөхөө зарласнаас хойш “адлагдаж”, албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдаад 4 сар болж байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах” гэх Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлээр яллагдагчаар татагдсан ноцтой мэдээлэл бий. Түүнчлэн, УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан нь хууль зөрчсөн гэгдэж, шүүхээс албадан ирүүлэх шаардлага хүлээж аваад байгаа юм.
Үүн дээр нэмэгдээд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан адуучин дүү Г.Ган-Одынхоо дансаар дамжуулан 2.5 тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэрэгт нэр холбогдов. Түүний дүү Г.Ган-Одыг газрын тосны 19 дүгээр талбайд Засгийн газрын төлөөлөгчөөр томилсон нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүйг хуулийнхан шалгаж байна. Хэрэв Ерөнхийлөгчийн хууль батлагдвал эдгээр гишүүд эгүүлэн татагдах жагсаалтыг тэргүүлэх нь тодорхой бөгөөд МАН-ын лидерүүдийн улс төрийн замнал энэ хүрээд дуусах уу гэдэг асуултын өмнө ирээд байна.



