НИЙГЭМУЛС ТӨРУул уурхайХалуун сэдэвХөшигний ардХэргийн мөрөөрЦАХИМ МОНГОЛЭДИЙН ЗАСАГ

ТӨРИЙН ӨМЧИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЭЗЭГНЭСЭН БАЯН БААДАЙ БА “СМАРТ ЭКО ТРАНС” ХХК

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Монгол Улсын Засгийн Газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ Э.Оюун-Эрдэнийн Засгийн газрын илт хууль зөрчсөн шийдвэрүүдийн талаар ноцтой мэдэгдэл хийсэн билээ. Энэхүү мэдэгдлийн хүрээнд “Смарт Эко Транс” ХХК холбоотой асуудлыг танилцуулж, тус компани Засгийн газрын тогтоолыг хэрхэн зөрчсөн болохыг баримттайгаар хэвлэлийнхэнд танилцуулсан юм.


Тодруулбал, Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр “Смарт Эко Транс” ХХК-д шууд олгосон. Энэ  нь ил тод байдал, өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг аж ахуйн нэгжид их хэмжээний орлого, ашиг олох боломж, давуу байдал бий болгосон. Түүнчлэн Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” ХХК эзэмшиж, дур мэдэн төлбөр хураамж тогтоон, их хэмжээний орлого, ашиг олсон асуудал нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нь шалгалтаар тогтоогдсон байна.

“СМАРТ ЭКО ТРАНС”-ЫН АСУУДЛААР Х.НЯМБААТАР ОГЦРОХ БОЛЗЛОО ХАНГАЧИХЖЭЭ


Энд дурдагдаж буй “Смарт Эко Транс” ХХК нь 2022 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт хилийн боомтын 66 га талбайд “хууль бус” шийдвэрийн дагуу автомат удирдлагатай чингэлэг тээвэр болон жолоочтой терминалын үйл ажиллагаа явуулж байсан нь мэдээллийн үеэр тодорхой болсон юм.

 Монгол Улсын Засгийн газар 2022 оны  тавдугаар сард хуралдаж 95 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу БНХАУ-тай терминал байгуулах асуудлаар “харилцан тохиролцох”-ыг даалгаж, терминал байгуулах төслийг төр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхийг даалгасан байдаг. Гэвч энэхүү тогтоолын хэрэгжилтийн үе шатанд БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай “харилцан тохиролцох” ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй байдаг. Түүнээс  гадна ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэхүү 95-р тогтоолтой холбоотой өөр нэгэн тогтоолыг Засгийн газраар оруулан батлуулсан байна. Энэ бол 2022 оны 349 дүгээр тогтоол буюу “Смарт Эко Транс” ХХК -ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ байгуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасан тогтоол юм.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Концессын хуулийн дагуу уг асуудлыг шийдвэрлэх ёстой байсан ч нууцын зэрэглэлтэй бичиг баримт ашиглан Тендерийн хуулийг үндэслэж, шууд гэрээ байгуулсан нь нэг компанид илт давуу байдал олгосон хууль бус үйлдэл болжээ.

Тэгвэл  Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан  “Энэ асуудал концессын хуулиар явах ёстой биш үү” гэж асуухад Х.Нямбаатар сайд “Тийм ээ” гэж хариулсан байдаг. Засгийн газрын хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд худал мэдээлэл хийсэн энэ үйлдлээрээ одоогийн Хотын дарга Х.Нямбаатар ч хариуцлага хүлээх болзлоо хангачихжээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ХАРЬЯАТ ЭЗЭНТЭЙ НЭГ КОМПАНИ ДАВУУ ЭРХ АВСНЫ УЧИР ЮУ ВЭ?

 Дээрх тогтоолын бас нэг ноцтой хэсэг нь тухайн эрхийг “Смарт Эко Транс” ХХК-д хугацаагүйгээр өгсөн явдал юм. Хэнтий аймгийн харьяат эзэнтэй нэгэн компани Монгол Улсын хил дээр дураараа авирлах эрхийг хугацаагүйгээр олгосон нь төрийн өндөр албан тушаалтнууд хөшигний цаана хууль зөрчсөөр байсныг нотлон харуулж байна. Яагаад гэдэг асуулт бас тавигдаж байна.

 Зарим төрийн компаниудаас ч илүү хүч чадалтай “Смарт Эко Транс” ХХК -ийн хувьцаа эзэмшлийн бүтцэд анхаарлаа хандуулбал олон асуудлыг гогцоо тайлдагдах болов уу.

 Тус компанийг иргэн Ж.Бямбабаатар 51 хувь, түүний охин Б.Хулан 24 хувь, үлдсэн 25 хувь нь  иргэн Б.Эрдэнэболд эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар Б.Батнасан ажиллаж байна. Энд дурдагдаж буй Ж.Бямбабаатар нь монголчуудын  сайн мэдэх Баянмонгол хорооллыг барьсан “Их үйлсийн эрэлд” ХХК-ийг үүсгэн байгуулагч буюу хотынхны мэддэгээр “Баян Баадай” гэгч юм. Учир нь энэхүү “Баян Баадай” Хэнтий аймгийн уугуул бөгөөд Улаанбаатар хотын газрын наймааг “Мон-Уран”-ийн  Б.Наранхүүтэй зэрэгцэн ид цэцэглүүлснээрээ алдартай нэгэн билээ. Мөн “Баян Баадай” Хэнтий аймгийн нутгийн зөвлөлдөө хаялгатай, нутгаасаа гарсан улс төрчидтэй ойр харилцаатай байдаг нь нууц биш юм.

“СМАРТ ЭКО ТРАНС” ХХК, “АДМЕНИРАЛ” ХХК НЬ НЭГ ТЭРЭГНИЙ ДУГУЙ МӨН ҮҮ?

Ингэж асуухын учир нь Ж.Бямбабаатар “Смарт Эко Транс” ХХК-аа Засгийн газрын 95 дугаар тогтоол гарахаас зургаан сарын өмнө шинээр байгуулсан бөгөөд “Админерал” ХХК /Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани/-тай  нэг өдөр байгуулснаараа мөн л сонирхол татаж байна. Энэ хоёр компанийг хоорондоо холбоотой байхыг хардах хэд хэдэн үндэслэл байна. Үүнийг тодруулбал:

Нэгдүгээрт, “Их үйлсийн эрэлд” ХХК-ийг Ж.Бямбабаатартай хамтран эзэмшигч нь БНХАУ-ын “Баян Өндөр нүүрс химийн үйлдвэр” ХХК юм. Өөрөөр хэлбэл” Адменирал” ХХК нь “Нүүрсний химийн чиглэлээр” үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан буюу “Бортээгийн орд” дээрх нүүрс угаах үйлдвэрийн тендерт ялалт байгуулсан компани билээ.

Хоёрдугаарт, тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, мөн Боомтын үндэсний хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Амарбаясгаланд /”Адменирал” ХХК-тай хамаарал бүхий/ энэ асуудал хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн дүгнэлт очсон ч буцаалгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулсан байна. Тэгэхээр том зургаар нь харвал Бортээгийн нүүрс угаах үйлдвэртэй болсон “Адменирал” ХХК нь “Смарт Эко Транс” ХХК-аар дамжуулан Гашуунсухайт боомт дээр өөрийн гэсэн авто зам бүхий терминалтай болох буюу “баялгийн логистикийн цогц систем” бий болгох бодлого хэрэгжсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ үйлдлээрээ Монголын баялагт дан ганцаар эзэн суух гэсэн зохион байгуулалттай бүлэглэл үүсэн бий болж байсныг ч үгүйсгэх аргагүй билээ. Үүгээрээ дуулиан шуугиан дагуулсан “нүүрсний хулгай” -д нэр нь дурдагдаж буй “Смарт Эко Транс” ХХК, “Адменирал”ХХК гэх мэт компаниуд нэг учгийн олон салаа байж болно.  Нарийн зохион байгуулалттайгаар Монголын баялгийг хулгайлхаар санаархаж буй зохион байгуулалттай бүлэглэлүүдийг Монголын хууль, хүчний байгууллага анхааралдаа аван ажиллаж, хэргийн жинхэнэ эзэдтэй хариуцлага тооцно гэж иргэд анхааралтай ажиглан хүлээж байна.

ЭХ СУРВАЛЖ: sharmedee.mn

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button