
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар зөвлөлдөх санал асуулгын асуумжийн хүрээ болон агуулгын талаар хэлэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.” гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хуримтлагдсан хөрөнгийг үр ашигтай удирдан арвижуулах, өгөөжийг оновчтой хуваарилах, сангийн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх асуудлаар иргэдийн санал, байр суурийг тодруулахад энэхүү зөвлөлдөх санал асуулгын зорилго оршино.
Санал асуулгын үр дүнд Үндэсний баялгийн сангийн талаарх иргэдийн ойлголт, үнэлэмж тодорхой болж, иргэдийн байр суурь, нийгмийн зөвшилцөлд нийцсэн бодлогын шийдвэр гаргах суурь бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Тиймээс “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын асуултыг Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах гэсэн үндсэн гурван агуулгын хүрээнд боловсруулж байна.





