ДАТА МЭДЭЭДЭЛХИЙНИЙГЭМСОШИАЛ ТРЭНДЦАХИМ МОНГОЛЭДИЙН ЗАСАГ

Газрын тосны үнэ 100 ам долларыг давж, Монголд дизель түлш 300 төгрөгөөр нэмэгдэнэ

Ормузын хоолой орчимд үүссэн геополитикийн эрсдэлээс шалтгаалан дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөж, 2022 оноос хойш анх удаа баррель нь 100 ам.долларыг давлаа.

Шатахуун, түлшний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг Монгол Улсын хувьд энэ нь эдийн засагт шууд дарамт учруулах нөхцөл бүрдүүлж байгаа юм.

Хэдийгээр өргөн хэрэглээний АИ-92 шатахууныг ОХУ-аас тогтворжуулсан үнээр нийлүүлж байгаа тул ойрын хугацаанд үнэ нэмэгдэхгүй гэж албаныхан мэдэгдсэн ч хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт голлон хэрэглэдэг дизель түлшний үнэ өсөх эрсдэл үүсээд байна.

Зарим шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд дизель түлшний үнийг 1000–1500 төгрөгөөр нэмэх санал гаргасан талаар мэдээлэл гарчээ.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэхдээ, АИ-92 шатахууны нийлүүлэлт тогтвортой байгаа бөгөөд ойрын 2–3 сарын хугацаанд үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдлээ.

Харин хаврын тариалалтын улирал эхэлж буйтай холбогдуулан тариалалтад ашиглах 10 мянган тонн дизель түлшийг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ нэмэхгүйгээр нийлүүлэх тохиролцоонд хүрсэн байна.

Гэхдээ зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан дизель түлшний үнийг эхний ээлжинд 300 төгрөгөөр нэмэх талаар шатахуун импортлогч компаниудтай ярилцсан бөгөөд уг нэмэгдлийг ойрын өдрүүдэд хэрэгжүүлэхээр болжээ.

Албаныхны мэдээлснээр дэлхийн зах зээл дээрх үнэ өсөлтөө үргэлжлүүлбэл Монгол Улсад шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд үнийг үе шаттайгаар нэмэх асуудлыг дахин хэлэлцэх боломжтой аж. Харин зах зээлийн нөхцөл байдал зөөлөрвөл дараагийн саруудад үнийг бууруулах боломж ч бий гэдгийг онцоллоо.

Мөн дөрөвдүгээр сараас эхлэн дизель түлшний үнэ 1700 төгрөгөөр өсөх суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа ч хомсдол үүсэх, нийлүүлэлт тасалдах эрсдэлээс сэргийлэхийн тулд төр болон аж ахуйн нэгжүүд богино хугацаанд харилцан тохиролцож ажиллаж байгаа юм.

Албаныхны хэлж буйгаар шатахууны импортын санхүүжилт, захиалгын хэмжээ багасах зэрэг эрсдэл үүсвэл нийлүүлэлт доголдох аюул бий тул зах зээлийн нөхцөл байдалд уян хатан хандах шаардлага үүсээд байна.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button