
Ардын намын шинэ дарга намынхаа алдагдсан нэр хүнд, суларсан итгэлийг сэргээнэ гэж Бага хурлынхаа индрээс амласан. Тэр амлалтынхаа араас Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарын намын батлахыг хураах саналыг Хяналтын хороонд шилжүүлсэн нь танхим дотор алга ташилт авч, улс төрийн дохио болсон. Гэвч олон нийтийн нүдээр бол энэ алхам нам дотроо чанга харагдсан ч нийгэмд төдийлөн үнэмшил төрүүлж чадсангүй.
Шалтгаан нь энгийн. Хэрэв намын нэр хүнд үнэхээр унасан, иргэдийн итгэл гүн алдагдсан гэж үзэж байгаа бол асуудлыг зөвхөн дөрвөн нэр дээр тогтоох нь хэтэрхий явцуу харагдаж байна. Намын өнөөгийн нүүр царай, олон нийтийн дунд үүссэн үл итгэх уур амьсгал нь ганц хоёр хүний асуудал биш, сүүлийн жилүүдийн бодлого, эрх мэдлийн хэрэглээ, дотоод хариуцлагын сулралтай шууд холбоотой. Тиймээс энэ шийдвэрийг зарим нь “цэвэрлэгээ” гэхээсээ илүү “сонгомол цохилт” гэж харж эхэлжээ.
Ялангуяа намын өмнөх дарга Л.Оюун-Эрдэнийн нэр энэ бүх маргааны төвд үлдэж буй нь анхаарал татаж байна. Түүнийг тойрсон улс төрийн болон хууль зүйн шинжтэй хардлага, шүүмжлэл олонтаа гарч байсан атлаа энэ удаагийн хариуцлагын шугамд багтаагүй нь “яагаад эдгээр дөрөв, яагаад бусад нь биш вэ” гэсэн асуултыг улам тодотгов. Ингэснээр Н.Учралын эхлүүлсэн алхам шинэчлэлийн дохио гэхээсээ илүүтэй дотоод хүчний тэнцвэрийн тоглолт мэт харагдах эрсдэлтэй болов.
Үүн дээр Ерөнхийлөгчийн нөлөө, нам доторх бүлэглэлүүдийн байрлал, дараагийн сонгуулийн өмнөх зураглал давхацаж эхэлж байна. Улс төрийн хүрээнд тархсан ярианаас харахад Д.Амарбаясгаланг цаашдын том сонгуулийн менежментэд авч үлдэх сонирхол намын дотор байсаар байгаа гэх хардлага бий. Тийм нөхцөлд түүний нэрийг батлах хураах саналд багтаасан нь үнэхээр бодит шийтгэлийн эхлэл үү, эсвэл улс төрийн мессеж төдий алхам уу гэдэг эргэлзээ дагуулж байна. Хяналтын хорооны шийдвэр эцэстээ энэ асуултад хариу өгөх боловч өнөөдрийн байдлаар намын даргын улс төрийн тооцоолол илүү харагдаж байна.
Нөгөө талд энэ бүхэн Ерөнхий сайд Г.Занданшатарт ч хүнд тусч мэдэхээр өрнөл рүү оржээ. Нам дотор түүний байр суурь бат бөх бус, кабинетын тогтвортой байдал ч эргэлзээ дагуулсан хэвээр байна. Хэрэв намын дотоод тэмцэл хяналтаас гарч, хариуцлагын сэдэв сонгомол шинжтэй үргэлжилбэл дараагийн бай нь сайд, дарга нар биш, өөрөө Ерөнхий сайдын суудал болж хувирах магадлал өснө. Өөрөөр хэлбэл, Н.Учралын эхлүүлсэн хөдөлгөөн намын дотоод шинэчлэлийн эхлэл гэхээсээ илүү эрх мэдлийн дараагийн шилжилтийн бэлтгэл болж мэдэх дүр зураг ажиглагдаж байна.
Л.Энх-Амгалангийн нэр дараагийн Ерөнхий сайдад яригдаж эхэлсэн тухай улс төрийн хөшигний арын яриа ч үүнийг дагаад хүчтэй сонсогдох болов. Энэ нь дан ганц таамаг төдий зүйл биш, нам дотор аль хэдийнэ дараагийн хувилбаруудаа тооцоолж эхэлсний шинж байж болох юм. Ийм үед дөрвөн хүний батлахыг хураах тухай асуудал сахилга, хариуцлагын шийдвэрээсээ илүү том зургийн нэг хэсэг болж харагдана.
Эцэст нь хэлэхэд, Н.Учралын энэ алхам хоёр өөр үр дүнд хүрч мэднэ. Хэрэв Хяналтын хороо улс төрийн нөлөөнөөс ангид, бодитой шийдвэр гаргаж, хариуцлагын шалгуураа ижил тэгш мөрдвөл шинэ даргын “цэвэрлэгээ” намдаа итгэл сэргээх эхний оролдлого болж үлдэнэ. Харин сонгомол шийтгэл, дотоод тохироо, бүлэглэлийн зөрчил давамгайлсан дүр зураг батлагдвал энэ бүхэн шинэчлэл биш, Ардын намын дотоод тэмцлийн шинэ бүлэг болон үлдэх нь тодорхой.
Тэр тохиолдолд хамгийн хүнд үлдэх хүн нь нэр нь яригдсан дөрөв ч биш, харин өөрийгөө тогтвортой Засгийн газрын тэргүүн гэж харуулахыг хичээж буй Г.Занданшатар байх магадлалтай. Нам доторх сүүдэр томрох тусам Засгийн газрын орой улам ганхана.
Улстөрийн гол асуулт одоо нэг л зүйл дээр ирээд байна:
Н.Учрал үнэхээр цэвэрлэгээ хийж байна уу, эсвэл дараагийн том нүүдлийн өмнөх шугамаа татаж байна уу.



