УЛС ТӨР

С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ

         Ерөнхий сайд асан С.Баярын охин Б.Хонгор, хүү Б.Нацаг нь “Монгол ураниум ресурс” ХХК-ийг эзэмшдэг. Харин С.Баярын хүү, охины “Монгол ураниум ресурс” ХХК нь “Эрээн толгой” ХХК-ийг М.Чингүн гэгчтэй хамтран эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар М.Чингүн нь ажилладаг ажээ. 

Тэгвэл С.Баярын хүү, охин болон М.Чингүн гэгчийн хамтын эзэмшлийн “Эрээн толгой” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Эрээн толгой”-н нүүрсний уурхайг эзэмшдэг. Тэдний “Эрээн толгой”-н уурхай нь 1.0 тэрбум тоннын нүүрсний нөөцтэй, эртнээс л Эрдэнэцагаан сумынхан ухуулахгүй гэж тэмцэж, харж хамгаалж ирсэн том орд. Гэхдээ “Эрээн толгой” ХХК-ийнхан “Эрээн толгой”-н уурхайг ухаад эхэлчихсэн. Удахгүй уурхайдаа 2600 ажилчин, 600 жолооч ажиллуулж, жилдээ 1.0 их наяд төгрөгийн нүүрс хятад руу худалдах төлөвлөгөө баталжээ. Тэгээд болоогүй, нүүрсээ хятад руу хямд зардлаар, хурдан гаргахын тулд “Эрээн толгой”-н уурхайгаас урагшаа Бичигт-Хатавч боомт хүртэл 110 гаруй км хатуу хучилттай авто замыг төрийн түншлэлээр, тэгэхдээ 240 тэрбум төгрөгөөр барихаар ажлаа эхлүүлжээ. Товчхондоо, С.Баярын хүүхдүүд болон М.Чингүн гэгч нь “Эрээн толгой”-н уурхайд олон зуун тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж байгаа, тэр хэрээр олон их наяд төгрөг олохоор төлөвлөж байгаа гэсэн үг. 

Сүхбаатар аймаг дахь “Эрээн толгой”-н нүүрсний уурхай

       “Эрээн толгой” ХХК-ийг эзэмшигч С.Баярын хүүхдүүдийн хувьд, охин Б.Хонгор нь Амеркад дизайнер мэргэжлээр төгсөөд ирсэн, Монголд “Мэйкери” гэх гар урлалын урлан ажиллуулдаг. Харин хүү Б.Нацаг өнгөрсөн хавар “Сentral” телевизийн шоунд оролцож эчнээ танил болсон, 22 настай, Австралид сэтгэл зүйчээр суралцдаг. Тэгэхээр “Эрээн толгой”-н уурхайд хүүхдүүдийнх нь гэхээсээ С.Баярын оролцоо их бий гэсэн үг.  

С.Баярын охин Б.Хонгор, хүү Б.Нацаг

Тэгвэл С.Баярын хүү, охинтой “Эрээн толгой” ХХК-ийг хамтран эзэмшигч, гүйцэтгэх захирал М.Чингүн гэж хэн бэ. Сангийн сайд асан С.Баярцогт “Оюу толгой”-н гэрээг байгуулахаасаа өмнө толгой компани болох “Айвенхоу Майнз” компанийн хувьцааг 1.3 сая ам.доллараар худалдаж авсан. Улмаар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Оюу толгой”-н гэрээг байгуулмагц тооцоолсон ёсоор толгой компани болох “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш огцом өссөн. Тэгмэгц нь С.Баярцогт “Айвенхоу Майнз” компанийн хувьцаагаа 2.7 сая ам.доллараар зарж асар их ашиг олсон. Мэдээж энэ мөнгөө хэсэгчлээд ч болов Монголд оруулж ирэх хэрэгтэй. Ингээд С.Баярцогт өнөөх 2.7 сая ам.долларынхоо 1.2 сая ам.долларыг 2010 оны дөрөвдүгээр сарын 21-нд оффшор компанийнхаа Швейцарын банк дахь дансаар дамжуулан Монгол улсад бүртгэлтэй “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банк дахь 8115002953 дугаартай данс руу шилжүүлсэн. Оффшороос С.Баярцогтын 1.2 сая ам.долларыг дансандаа хүлээж авсан “Ийстерн металс” ХХК-ийн эзэмшигч нь тухайн үеийн Голомт банкны Дэд захирал бөгөөд Эрсдлийн удирдлагын газрын дарга М.Чингүн гэх залуу байсан. Ингээд М.Чингүн өнөөх 1.2 сая ам.долларыг “Ийстерн металс” ХХК-ийнхаа данснаас гаргаж, бэлэн мөнгө болгон цүнхэлж бэлдсэн. Улмаар С.Баярцогт өөрөө М.Чингүний Голомт банк дахь албан өрөөд ирж цүнхтэй мөнгөө аваад явсан. Өөрөөр хэлбэл, М.Чингүн нь тухайн үед Голомт банкны Эрсдлийн удирдлагын газрын дарга байсан учраас С.Баярцогтын оффшороос шилжүүлсэн 1.2 сая ам.долларыг Голомт банкнаасаа бэлэн мөнгө болгож гаргахад асуудал байгаагүй гэсэн үг. Мөн С.Баярцогт оффшор дахь мөнгөө монгол руу яаж баригдахгүй оруулж ирэх, хэний дансыг ашиглавал аюулгүй байх вэ гэдгээ маш сайн тооцоолдог байсан нь эндээс харагдана. Мэдээж, С.Баярцогт, М.Чингүүн хоёр эртний танилцууд. М.Чингүн нь 2000 оноос Голомт банканд зээлийн мэргэжилтнээр анх ажиллаж эхэлсэн. Яг тэр үед буюу 2000 онд С.Баярцогт “Товхонхан” ХХК-иа байгуулсан. Ингээд 2000 оноос С.Баярцогт М.Чингүнтэй танилцаж, “Товхонхан” ХХК-даа Голомт банкнаас зээл авдаг болсон. Тэдний энэ харилцаа 10 жил үргэлжилж, 2010 он гэхэд М.Чингүн нь С.Баярцогтын оффшорын мөнгийг хувийг компаниараа дамжуулах хэмжээнд дотнын дүү нь болчихсон байсан гэсэн үг.

Тайлбар: Голомт банкны удирдлагын баг, Дэд захирал М.Чингүн, 2012 он Хамгийн ноцтой нь, С.Баярцогтын оффшороос шилжүүлсэн мөнгийг монголд тосож авч, бэлэн мөнгө болгох ажлыг хариуцаж байсан М.Чингүн гэгч нь одоо Ерөнхий сайд асан С.Баярын хүү, охин хоёртой “Эрээн толгой” ХХК буюу “Эрээн толгой”-н нүүрсний уурхайг хамтран эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.

Холбоотой нийтлэлүүд

Amelia2480-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button